Оффшор данстай холбоотой мэдээллүүдийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс задлан нийтэд ил болголоо. Монголын улс төрчид, тэдний үр хүүхдүүдтэй холбоотой оффшор данснууд ч эхнээсээ илэрч дуулиан дагуулаад байна. Төрийн өндөрлөгүүд болоод хуулийн байгууллагууд уг асуудалд төдийлөн анхаарал тавихгүй байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, төрийн хар хайрцагны бодлогод сөргөөр нөлөөлж болох юм. Харин улс төрчид болоод төрийн албан тушаалтнуудыг оффшор дансгүй байхад уриалсан, уриалсаар байгаа ганц хүнийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа гэхэд хилсдэхгүй байх.
Түүний 2015 оны арванхоёрдугаар сард бичсэн “Таныг Монголоосоо дайжихгүй гэдэгт итгэхийг хүсч байна” нэртэй нийтлэл сайт, сонингуудад нийтлэгдсэн өдрөөсөө л олны анхаарлыг ихэд татсан. Зарим нэг нь энэ асуудлыг ул суурьтай хөндөж, зоригтой эсэргүүцэж байгаад нь талархалтай хандаж байгаа бол нөгөө хэсэг нь “сонгуулийн шоу” хэмээн иргэдийн анхаарлыг өөр зүгт санаатайгаар чиглүүлж байх шиг.
“Таныг Монголоосоо дайжихгүй гэдэгт итгэхийг хүсч байна” нийтлэлд: “Улс орны эдийн засаг, улс төр, нийгмийн хүндрэлтэй, эгзэгтэй байдал бий болох вий хэмээн хувийнхаа эд хөрөнгө, мөнгийг эрсдэлээс хамгаалан гадаадад байршуулахын оронд Монгол эх орондоо улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг баттай бий болгох, улс орон, ард түмнээ элдэв эрсдлээс найдвартай хамгаалах талаар ухаан бодол, сэтгэл зүрхээ зориулах учиртай” хэмээн дурджээ.
Үнэхээр ард түмний татварын мөнгөөр цалинждаг, ард түмний итгэлийг хүлээн тэдний төлөөлөл болж ажиллах учиртай төрийн түшээд, улс төрчдийн “нууц” дансны асуудлыг нийтэд ил болгох, хариуцлага тооцох талаар дорвитой арга хэмжээ авах цаг болоод байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ талаар зоригтой дуугарч эхэлсэн нь удахгүй улстөрчдийн “нууц” дансны эсрэг шинэ хууль гарахын дохио биз ээ.
Д.Цээл