Цаг агаарын урьдчилсан төлөв байдалтай уялдуулан бэлтгэлийг бүрэн хангасны үндсэн дээр хаврын тариалалтыг тавдугаар сарын 10-25-ны дотор зохион байгуулахаар болсноо өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас өнөөдөр мэдээллээ. Энэ онд улсын хэмжээгээр 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д буудай, 20.8 мянган га-д төмс, хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн таримал, 25.3 мянган га-д тосны болон сэлгээний бусад таримал тариалахаар төлөвлөжээ. Салбар яамны зүгээс хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 2.880, үр тарианы үрлүүр 2.100, хөрс боловсруулах техник 4.810, төмс хүнсний ногосшы үрлүүр 358 ажиллахаар сэлбэг, хангамжийн нөөцийг бүрдүүлжээ. Мөн хаврын тариалалттай холбогдуулан 2016 оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд хэвийн явуулахад шаардагдах 6,5 мянган тонн дизель түлшний импортын онцгой албан татварын хэмжээг зургадугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд Сүхбаатар, Эрээнцав боомтуудаар импортлоход “О” байхаар тогтоолоо. Энэ асуудлыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна Нэг га талбайн нийт зардлын 22,2 хувийг шатахууны зардал эзэлдэг. Манай улсад тариалж ургуулсан улаанбуудайн өртөг нь бүс, цаг уурын хувьд ижил төстэй, хөрш зэргэлдээ ОХУ, Казакстан улсаас өндөр байгаа юм. Энэ нь тариалангийн үйлдвэрлэлд шаардагдах хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахууныг 100 хувь импортоор авч байгаатай холбоотой гэж ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд тайлбарлалаа.
Дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэснээр бүтээгдэхүүний өртөг 190 мянга орчим төгрөгөөр буурч аж ахуйн нэгж, иргэдийн санхүүгийн чадамж сайжран 2016-2017 онд буудай, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломж бүрдэнэ гэж салбар яам нь тооцжээ.
Д.УУДАМ