Кремлийн зүгээс Ливид хамгийн богино хугацаанд тогтвортой байдлыг авчрах цорын ганц арга зам нь галаа яаралтай зогсоож, Ливийн удирдагчидтай хэлэлцээрийн ширээний ард суун, Каддафигийн дэглэмийг нураахад дэмжлэг хүсэх явдал бөгөөд нэг улсын хэрэгт олон улс хөндлөнгөөс оролцох нь сайны эхлэл биш гэж үзэж байгаа юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ливид агаараас довтлохыг зөвшөөрсөн зөвшөөрлийг НАТО-д өгч, өнгөрсөн гуравдугаар сараас агаарын довтолгоог эхлүүлсэн үеэс ОХУ хүч хэрэглэх арга замыг эрс буруушааж байсан. Мөн хэдхэн хоногийн өмнө Африкийн Холбооны улсууд Муаммар Каддафийг баривчлах ажиллагаанд Олон улсын эрүүгийн шүүхтэй хамтран ажиллахгүй талаар мэдэгдсэн бол үүний дараагаар өнгөрсөн мягмар гаригт Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Якоб Зума Оросод хүрэлцэн ирж, Ливид болж буй тэмцэлд хэрхэн цэг тавих талаар ОХУ-ын удирдлагуудтай хэлэлцжээ. Энэ мэтээр хүч хэрэглэхийг эсэргүүцсэн улсуудын тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа нь Ливид болж буй үймээн хэрхэн төгсөх нь шийдэгдэх цаг ойрхон ирж байгааг хэлж байна.
Одоогийн байдлаар Каддафи болон түүний хүү Саиф Аль Ислам Каддафи, хүргэн ах Абдулла Аль Санусси нарыг баривчлах зөвшөөрлийг Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс гаргаад байгаа. Харин олон улсын шүүхийн тогтоосон Ромын хуулиас Ливи улс нь гадуур оршдог тул шүүх эрх мэдэлтнүүд Ливийн удирдлагуудыг баривчлах эрхгүй байдаг аж.