Монгол Улсад суугаа БНЧУ-ын ЭСЯам БНЧУ-ын Гадаад хэргийн яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй эдийн засгийн дипломацийг дэмжих төслийн хүрээнд ЕКСПО МОНГОЛИА 2016 олон улсын үзэсгэлэнд оролцох чехийн компаниудыг дэмжих тал дээр идэвхтэй ажиллаж байна.
2016 оны 5 сарын 23-25-ны өдрүүдэд болох тус үзэсгэлэнд БНЧУ-ын элчин сайдын яам үзэсгэлэнгийн павилион авч байгаа бөгөөд 23,24-ний өдрүүдэд түүн дээр чехийн төсөл хэрэгжүүлэгчид Монгол улсад хэрэгжүүлсэн, хэрэгжиж буй хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдийнхээ талаар танилцуулга хийх юм байна.
Эдийн засгийн дипломацийг дэмжих төслийн хүрээнд элчин сайдын яамнаас зүгээс “Эксэкютив Эксэлэнсе” олон улсын бизнес төвд 2016 оны 5 сарын 24-ний өдөр компаниудын танилцуулгыг хийлгэж боломжит түншүүдтэй нь ганцаарчилсан уулзалтуудыг зохион байгуулж өгөх, түүнчлэн бизнесийн харилцаа холбоо тогтоож өгөх тал дээр болон тодорхой хэмжээгээр унаа, тээврийн асуудал дээр дэмжихээр төлөвлөжээ.Тус танилцуулгын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Commerce_ulaanbaatar@mzv.cz хаягаар болон 321886 /24/ утсаар авах боломжтой.
Энэхүү арга хэмжээ нь чехийн компаниудыг монголын зах зээлд нэвтэрч ороход маш сайхан завшаан болно гэж элчин сайдын яамны зүгээс үзэж байгаа аж. Эрчим хүчний, хөдөө аж ахуйн, ойн, усны аж ахуйн, геологийн болон хүрээлэн буй орчныг хамгаалах гэх мэт чиглэлүүдээр удаан хугацааны туршид төсөл хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлж буй чехийн байгууллагууд нь энэ арга хэмжээний үеэр монгол түншүүдтэйгээ дараа дараагийн боломжит хамтын ажиллагааныхаа талаар ярилцаж, тохиролцох боломжоор хангагдах юм. Төсөлд өөрийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой бүх чех компаниуд хамрагдаж оролцох боломжтой гэнэ.
Иймд монголын олон нийт, компаниудыг Буянт Ухаа спорт цогцолборт болох “ЭКСПО МОНГОЛИА 2016” үзэсгэлэнд хүрэлцэн ирж Чехийн А26 павилоноор зочлохыг урьж байна.
Монгол Улсад Суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин Сайдын Яам