Ховд аймагт зохиогдсон Гал бичин жилийн Баруун бүсийн аварга шалгаруулах "Хөдөөгийн хүчтэн-2016" Үндэсний бөхийн барилдаан
Ховд аймагт Гал бичин жилийн Баруун бүсийн аварга шалгаруулах "Хөдөөгийн хүчтэн-2016" Үндэсний бөхийн барилдаан 2016 оны 5 дугаар сарын 7,8-нд Ховд аймгийн БТСГ-ын спортын зааланд боллоо. Энэхүү барилдаанд Ховд, Баян-өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн 30 хүчит бөх хоёр өдрийн турш тойргийн журмаар бяр хүч авхаалж самбаагаа сорин барилдаж, багийн дүнгээр н.Санат дасгалжуулагчтай, А.Болат ахлагчтай Баян-өлгий аймгийн бөхчүүд тэргүүн байр, Д.Амартүвшин дасгалжуулагчтай, аймгийн заан В.Туяазаяа ахлагчтай Говь-Алтай аймгийн бөхчүүд дэд байр, Л.Баттөр дасгалжуулагчтай, аймгийн харцага П.Баярсайхан ахлагчтай Завхан аймгийн бөхчүүд гутгаар байрыг тус тус эзэлж, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Барилдсан нийт бөхчүүдээс хувийн амжилтаараа Завхан аймгийн харцага П.Баярсайхан 1-р байр, Увс аймгийн арслан Бадарч 2-р байр, Баян-өлгий аймгийн заан Аманбек 3-р байр, Говь-Алтай аймгийн начин С.Содбаяр 4-р байр, Баян-Өлгий аймгийн начин Бат-Үүл 5-р байрыг тус тус эзэлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Мөн уран барилдааны шагналыг Завхан аймгийн харъяат сумын заан Я.Ишжамц, Увс аймгийн сумын заан Цоггэрэл нар хүртлээ.
Барилдааны үеэр Ховд аймгийн Буянт сумын харъяат, Аймгийн баяр наадамд 2 удаа түрүүлж, 3 удаа үзүүрлэж, аймгийн аварга шалгаруулах барилдаанд 4 удаа завсаргүй түрүүлж байсан Аймгийн хурц арслан Лааганы Найдан агсны үр хүүхдүүд аавынхаа алдрыг мөнхжүүлэх зорилгоор Л.Найдан агсны хөрөг зургийн Спортын ордонд байрлуулж, барилдаанд оролцсон бүх бөхчүүдэд гарын бэлэг гардууллаа. Мөн Үндэсний бөхийн тугны суурийг шинээр хийлгэхээр үр хүүхдүүдийн зүгээр шийдвэр гарсныг уламжилсан байгаа.
Хөдөөгийн хүчтэн-2016 барилдааны үйл ажиллагааны хаалтанд зориулсан Үндэсний бөхийн барилдаан болсон. Энэхүү барилдаанд Увс аймгийн харъяат, аймгийн арслан Бадарч, Говь-Алтай аймгийн заан Ю.Туяазаяа нараар манлайлуулсан хүчит 32 бөх бяр хүч авхаалж самбаагаа сорин барилдсанаас Увс аймгийн харъяат, аймгийн арслан Бадарч түрүүлж, Баян-өлгий аймгийн начин Ерболат үзүүрлэж, шөвгийн дөрөвт Завхан аймгийн сумын харъяат Я.Ишжамц, Говь-Алтай аймгийн начин С.Содбаяр нар шалгаран үлдлээ.
2 өдрийн бөхийн барилдааныг Аймгийн Үндэсний бөхийн холбооны жаяг дэгийн баг болох гарын даа Авирмэд, гарын даа С.Загдсүрэн, БТСГ-ын ахлах дасгалжуулагч Ч.Сүхбаатар, Үндэсний бөхийн дасгалжуулагч Г.Нямандэлэг, хөлийн цэц Аймгийн арслан Б.Батмөнх, аймгийн заан Ө.Тогтохбаатар, цолчин засуул Ихбаяр, Өлзий, засуул н.Батжаргал, н.Побед нар ажиллаж амжилттай зохион байгууллаа.
Мэдээлсэн: Ховд аймгийн ҮБХ-ны тэргүүлэгч С.Загдсүрэн