Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв. Тэрээр одонг тус ангийн байлдааны туганд хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн юм.
Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Зэвсэгт хүчний 95 жил, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалж, төр, засаг, цэргийн дээд командлалын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн улс оронд үүссэн байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослын үед авран туслах ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж, эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн тус ангийн үе үеийн бие бүрэлдэхүүний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шагнал гардуулж хэлсэн үгэндээ “Эрхэм генерал, офицер, ахлагчид аа,
Эрхэм зочид, хатагтай, ноёд оо,
Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэнд анх удаа “Армийн тагнуулын рот” нэртэйгээр байгуулагдсан цагаасаа эхлэн даалгасан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд биелүүлдэг, үе үеийн алба хаагчид нь өргөсөн тангарагтаа үнэнч, бие бялдар, сэтгэл зүй, ажил мэргэжлээрээ бусдыгаа үлгэрлэн манлайлж байдаг дайчин уламжлалтай 084 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн, ахмад дайчид Та бүхэнд, Танай анги Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнуулсанд баяр хүргэж, эрүүл энх, ажил, албандаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Зэвсэгт хүчний 084 дүгээр анги хагас зууны түүхэн хугацаандаа Зэвсэгт хүчний “Онц” ангийн болзлыг 3 удаа, “Тэргүүний анги”-ийн болзлыг 17 удаа хангаж, армиудын хамтарсан олон улсын болон дагнасан хээрийн сургуулиуд, энхийг сахиулах ажиллагаа, бусад сургалт дадлагад Зэвсэгт хүчний ангиудыг манлайлан оролцож, цэргийн албаны туршлага хуримтлуулсан Зэвсэгт хүчний мэргэжлийн анги болон бэхжиж чадсанд Монголын төр засаг ямагт талархан дэмжиж байдаг юм.
Ангийн офицер, ахлагч нарын цэргийн хэргийн мэдлэг боловсрол, бие бялдрын бэлтгэлжилт жилээс жилд дээшилж, Зэвсэгт хүчний олон талт үүргийг амжилттай гүйцэтгэх туршлага, мэдлэг чадвар, байлдааны болон албаны бэлтгэлээр бусдыг үлгэрлэн манлайлж, Зэвсэгт хүчний бүх анги, салбаруудын хүрвэл зохих түвшингийн жишиг анги байж чадна гэдэгт итгэлтэй байна.
Цэрэг-аюулгүй байдлын мэргэшсэн, байнгын бэлтгэлтэй байх, зэвсэг техникийг чадамгай эзэмших, орчин үеийн цэргийн шилдэг техник-технологийг эзэмших, улмаар дэлхийн шилдэг тусгай хүчний түвшинд хүрэхийг зорих нь Танай ангийн болоод Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний тэргүүн зорилт юм.
Эх орноо батлан хамгаалахад Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний үүрэг оролцоо нэмэгдэж, цэргийн алба хаагч бүрээс олон талт мэдлэг чадвар, бэлтгэл шаардагдах болсон өнөөгийн цаг үед Зэвсэгт хүчний хуулиар тогтоосон чиг үүргийг бүрэн биелүүлж, эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах хариуцлагатай албандаа улам их амжилт гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа хүсье.
Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мөн тус ангийн Хүндэт дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээв.
Шагнал гардуулах ёслолд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Р.Сүхбат нарын зэрэг албаны хүмүүс оролцсон юм. Ёслолын үеэр тус ангийн бие бүрэлдэхүүн хүндэтгэлийн жагсаал үйлдэж үе үеийн удирдлагууд байлдааны тугандаа хүндэтгэл үзүүллээ.
Батлан хамгаалахын сайд агсан дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит Зэвсэгт хүчний 084 дүгээр анги буюу Тусгай томилолтын батальон нь 1965 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн 51 жилийн хугацаанд тус ангийн шүхэрчин дайчид олон удаагийн команд, штабын хээрийн сургууль, хамтарсан хээрийн сургуулиудад амжилттай үүрэг гүйцэтгэж, улс эх орны бүтээн байгуулалт, улс ардын аж ахуйг хөгжүүлэх үйлс, байгалийн гамшиг, ослын голомтын хор уршгийг арилгах, авран хамгаалах үйл хэрэгт идэвхтэй оролцож дээд удирдлагаас өгсөн тусгай үүргүүдийг мэргэжлийн өндөр түвшинд биелүүлж Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж иржээ.
Мөн Ирак, Сьерра-Леон, Афганистан, Косова, Чад, Хойд болон Өмнөд Судан зэрэг орнуудад явуулж буй НҮБ-ын Энхийг дэмжих олон улсын ажиллагаанд тус ангиас 1000 гаруй офицер, ахлагч оролцон үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN