Монгол Улс дэлхийн зах зээлд хөл тавихын тулд мэдлэгийн эдийн засаг буюу инновацийг ашиглан, зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зөв алхам гэж эдийн засагчид үзэж байна. Дэлхийн аль ч оронд бага насны хүүхдийн шүдний өвчлөл эцэг, эхчүүдийн санааг зовоодог. Монголд бол малын цагаан идээ, ааруул, ээзгий идэж өссөн хүүхдийн шүд өвдөнө гэх зовлон бага. Өөрөөр хэлбэл монголын брэнд бүтээгдэхүүн ааруул, ээзгий өнөөдөр инноваци гэж МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгч Ё.Лхагважав тайлбарлалаа. Инновацийг товчоор илэрхийлвэл аливаа шинэ бүтээмж, шинэ санааг эдийн засгийн эргэлтэд оруулж, мөнгө олох боломж юм. Энэ дагуу бизнесмэнүүд ааруул, ээзгийг хүүхдийн шүдийг өвдөхөөс сэргийлсэн бүтээгдэхүүн болгон зарлаж, үйлдвэрлэн шинэ содон савалгаатайгаар худалдаалбал дотоодын төдийгүй олон улсад эрэлттэй байна гэж тэрбээр ярьсан юм.
Модны үртсээр шорлогны нүүрс буюу мах шарах түлш үйлдвэрлэж инноваци болгон ашиглаж буй залуус Монголд байна. Мод бэлтгэлээс хаягдаж, хоцорсон буюу түймэрт өртөж шатсан, унасан, өвчилсөн навчит, шилмүүст модны холимог үртсийг цуглуулж, 250С-500С халуун хийд хатаах аргаар боловсруулан шорлогны нүүрсийг үйлдвэрлэдэг гэлээ. Сард 100 гаруй тонныг үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаас гадна Хятад, Япон, БНӨСУ руу экспортлохоор болжээ. Өөр нэг амьдралд ойрхон инноваци бол хонины ноосоор барилгын дулаан тусгаарлах 15 см-ийн зузаантай ноосон бүтээгдэхүүн юм. Дулааны алдагдалыг бууруулах зориулттай тус дулаалга нь хортон шавьжнаас хамгаалагдсан, галд тэсвэртэй тул амархан шаттаггүй, дуу чимээ тусгаарладаг гээд олон талын ач холбогдолтой. Урд хөршөөс орж ирдэг дулаалгын шилэн хөвөнтэй харьцуулахад мкв-ын зах зээлд худалдаалах үнэ нь бага зэрэг өндөр ч, чанартай байгальд ээлтэй давтагшгүй бүтээгдэхүүн гэдгийг үйлдвэрлэгчид онцолж байлаа.
Бүх төрлийн илэг, нэхий, арьс, ноос, ноолууран хувцас эдлэлийн гадаргууд толбо тогтох, норох, гандах, өнгө алдахаас сэргийлсэн шинжлэх ухааны үндэслэлтэй нано шүршигч бүтээгдэхүүнийг мөн л инноваци ашиглан монголчууд үйлдвэрлэж байна. Импортын барааг орлох нано шүршигч нь иргэдийн илгэн гутал, ноолуур, нэхий эдлэлийн эдлэгээг удаашруулж, шороо тоосноос хамгаална. Дотоодынхоо хэрэгцээгээ хангахаас гадна азийн хэд хэдэн улсууд руу экспортод гаргах зорилгыг тавьжээ.
Одоогоос арав гаруй жилийн тэртээ Монгол Улс инновацийн талаар ярилцаж, Монголд хэрхэн нөлөөлөх талаар маргалдаж, мэтгэлцэж байсан түүхтэй. Тухайн үед Дэлхийн банкны суурин төлөөлөгч хүртэл ирж инновацийн бодлогын талаар зөвлөлдөж байжээ. Гэвч өнөөдөр Монгол Улсад инноваци хэрэгжиж, эдийн засгийн салбарт тодорхой нөлөөлөл үзүүлж чадаж байна уу? Энэ асуултад мэргэжилтнүүд “эргэлзээтэй” гэж хариулж байна. Учир нь үндэсний хэмжээний томоохон лаборатори, боловсон хүчин, шинжлэх ухааны нээлтүүдэд төрөөс өгдөг төсөв, мөнгө нь дутмаг болохоор тэр. Гэтэл бидэнтэй зэрэг гараанаас эхэлсэн Казахстан, Польш, Украйн зэрэг улсуудад инноваци нь эдийн засгаа бодитоор өсгөдөг болжээ.
Зураглаач Н.БАТМӨНХ