“Надад оффшор данс бий”

Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

“Надад оффшор данс бий”

Панамын оффшор дансны дуулиант мэдээлэл дунд кёкүшюзан Д.Батбаярын нэр багтсан байна. Тиймээс ямар учраас оффшор данс нээх болсон талаар товчхон тодруулга авлаа.


-Таныг оффшор данстай гэх мэдээлэл цацагдлаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Оффшор данс гэдэг нь өөр оронд данстай иргэнийг хэлнэ гэж би бодож байна. Тэр утгаараа надад 3,4 оффшор данс байдаг. Үүнийг нуугаад байх зүйлгүй. Би 25 жилийн өмнө Японд барилдаж байхдаа цалингийн данс, Эрүүл мэндийн даатгалтай холбоотой данс, өөрийн хувийн амьдралд зориулж данс нээж байсан юм. Эдгээр дансыг зодог тайлснаас хойш 10 гаруй жил ашиглахгүй байгаа. Тодруулбал мөнгө байхгүй хоосон данснууд юм. Японоос өөр оронд бол данс нээгээгүй.  Ер нь мөнгөө нууж байгаа хүмүүс арлуудын оронд данс нээж мөнгөө нуудаг гэж ойлгосон. Түүнийг сонсоод би жигшиж байсан. Гэтэл өнөөдөр намайг оруулчихсан байгаа учраас тэдгээр хүмүүсийн зарим нэгийг гүтгэж байж гэдгийг ойлголоо. Надад мөнгөө нуух шаардлага байхгүй. Би төрөөс төрсөн тэрбумтан биш. Би өөрийн хөдөлмөр, хөлсөөр Монгол Улсын нэрийг гаргаж барилдаж олсон хэдэн төгрөг надад бий. Тэр мөнгөө Монголд оруулж ирээд бизнес хийж байгаа нь үнэн.

-Тэгэхээр танд оффшор данс бий гэсэн үг юм байна, тийм үү?

-Тийм гэж ойлгож болно. Гэхдээ тэр данс нь Японд байдаг. Идэвхигүй болчихсон данс юм. Нөгөө талаас МАН-аас хүн оруулчихсан учраас Ардчилсан намаас бас нэг оруулчихья гээд намайг оруулчихсан байж болох юм. Өөрөөр хэлбэл зохион байгуулалттайгаар оруулсан юм болов уу гэж хардаж байна. Хоёрдугаарт Д.Батбаяр гэж өөр хүн байдаг, түүнтэй намайг андуурч байгаа юм болов уу гэж би хардаж байна.

-Та татвараа хэр сайн төлдөг вэ?

-Би  татвараас нуугдаад байх бизнес хийдэггүй. Эрүүл мэнд спортын чиглэлээр ажил хөдөлмөр эрхэлж байна. Кёкүшюзан гэдэг сан байгуулаад буяны ажиллагаа явуулж байна. Гэхдээ тийм их биш ч гэсэн өөрийн хэмжээндээ татвараа төлөөд явж байгаа жирийн нэг иргэн хүн.

Надад данс нээгээд түүндээ мөнгө нуугаад байх шаардлага байхгүй. 1990 оны эхэн үед Японд данс нээсэн нь үнэн. Одоогоос 10 гаруй жилийн өмнөөс ашиглаагүй гэлээ.

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж