Улаан бурхнаас сэргийлэх вакцинжуулалт пүрэв гаригт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

Улаан бурхнаас сэргийлэх вакцинжуулалт пүрэв гаригт эхэлнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг пүрэв гаригт буюу тавдугаар сарын 12-ноос эхлэн хийхээр болжээ. Вакцинд 18-30 хүртэлх насныхныг хамруулах аж.

Улсын хэмжээнд улаан бурхан өвчний дэгдэлт өндөр байгаа тул Засгийн газар даваа гариг бүр энэ талаарх мэдээллийг сонсож буй аж. Тавдугаар сарын 6-ний байдлаар улаан бурхан өвчний талаарх 19194 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөхөөсөө буурсан дүн юм байна. Мөн уг өвчнийг эмчлэхэд шаардагдах 350 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж Халдварт өвчин судлалын үндэсний төвд суурилагдаж, ашиглагдаж эхэлжээ.

Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн хоёр дахь асуудал нь “Сайн хашаа” хөтөлбөр аж. Уг хөтөлбөрийг, зээлийн ерөнхий журмын хамт баталжээ.

“Сайн хашаа” хөтөлбөр нь инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй амины орны сууц голлосон хорооллыг хөгжүүлэх зорилготой аж. Айл, өрхүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр таван жилийн хугацаатай 10 сая төгрөг хүртэлх зээл олгоно. Зээлийн санхүүжилтийн 50 хувийг төсөвт тусгаж, улсын болон орон нутгийн төсөв хариуцах юм байна. Хөтөлбөрт хамрагдах иргэд хүсэлтээ аймаг, нийслэлийн хот байгуулалт болон орон сууцны асуудал хариуцсан газруудад өгнө. Хөтөлбөрт хамрагдах иргэн эхний хоёр жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө.

Эхний ээлжинд нийслэлийн хоёр, гуравдугаар бүсэд байгаа 69200 өрхөд чиглэсэн бодлого хэрэгжүүлж, 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэнэ. Дараагийн ээлжинд аймгийн төвүүдэд “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжих юм. байна. 

Г.ДАРЬ

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж