Хүнс, ХАА-н салбарт ноцтой байдал үүслээ гэв

Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

Хүнс, ХАА-н салбарт ноцтой байдал үүслээ гэв

Монголын Үр, тариа эрхлэгчдийн газар тариалан холбооноос мэдэгдэл гаргажээ. Энэ хаврын тариалалтад зориулан импортоор татваргүй орж буудай нь чанар, стандартын шаардлага хангахгүй байгааг тэд мэдэгдэж, яаралтай холбогдох арга хэмжээ авахыг Монгол улсын Ерөнхий сайд, ХХАА-н сайд, Монгол улсын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд уриалсан байна. Мэдэгдлийг сийрүүлвэл,

Монгол Улсын Ерөнхий сайд,

Хүнс, хөдөө аж ахуйн сайд,  

Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд:

“Монголын  Үр, тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо”  нь Монгол улсын иргэдэд хөдөө ахуйн эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүн хүргэх зорилготой төрийн бус байгууллага юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Мэргэжлийн хяналтын байгууллагууд чанаргүй, малын тэжээлд зорилагдсан, өвчтэй, хог ургамал ихтэй, дотоодын хорио цээртэй муу буудайг оруулж ирэх зөвшөөрлийг ах дүү, хамаатан садны компанидаа олгож, уг компани нь ОХУ-аас хямд үнээр импортолж тариаланчдад 2-3 дахин өндөр үнээр үрийн буудай гэж худалдаалж байгаа байдал нь тариалан эрхлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироохоос гадна, эх орны эрүүл хөрс, газар шороог өвчлүүлж, энэ намар ургац муу авах, үр тарианы хомсдол бий болгох, цаашлаад  эдийн засаг муу байгаа манай улсын хувьд иргэдийн гар дээр очих гурилын үнэ өсөх бодитой аюул нүүрлэж байна.

Энэ тухай 2015 оны намар тус холбооноос Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яаманд удаа дараа анхааруулж, мэдэгдэж байсан боловч ямар ч арга хэмжээ авахгүй байж байгаад хаврын тариалалт эхлэх хугацаа ойртсон энэ үед ямар ч туршлагагүй, газар тариалан мэдэхгүй, мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтны хамаатан, саданд татваргүй буудай оруулж ирэх зөвшөөрөл олгож, уг буудай нь чанарын шаардлага хангахгүй болох нь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр тогтоогдоод байхад Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага гурав дахь удаагаа MNS 0246:2010 шаардлагад нийцэхгүй, үрийн буудайнд тэнцэхгүй буудайг тэнцэнэ гэсэн дүгнэлт гаргасанд, энэ үйл ажиллагаанд төрийн хяналт шалгалтын байгууллага хутгалдан орсон нь байж боломгүй үйлдэл юм.

2016 оны тавдугаар сарын 09-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хэвлэлийн хурал зарлаж уг хэвлэлийн хуралд “…Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаал, Монгол улсын үр тарианы стандарт бидэнд хамаагүй” гэж төрийн хяналт шалгалтын дээд байгууллага, Улсын байцаагч хэлсэнд бид маш их харамсаж байна. Төрийн байгууллагын энэхүү ёс  зүйгүй,  хариуцлагагүй мэдэгдэл, байр суурь нь гадаад улсаас хог ургамалтай, хөрс өвчлүүлэх өвчтэй, чанар муутай буудайг импортлох явдлыг өөгшүүлж, төрийн хяналт шалгалтыг ОХУ-ын нэгэн компанийн бүрэн хараат, тухайн компаний агент /төлөөлөгч/ болсныг харуулж байна.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ХХАА-н сайд Р.Бурмаа, Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга та бүхэн уг асуудлыг яаралтай анхааралдаа авч, шуурхай арга хэмжээ авахгүй  бол ОХУ-ын гологдол, хамгийн хямд буудайг оруулж ирж мэргэжлийн хяналтын байгууллагаар “сайн буудай” гэсэн дүгнэлт гаргуулж хэд нугалж зардаг, төрийн хяналт шалгалтын байгууллага хутгалдан орсон эдийн засгийн гэмт, зохион байгуулалттай бүлэглэл бий болж Монгол улсын хүнс, хөдөө ахуйн салбарт ноцтой хохирол учруулж болзошгүй байгааг үүгээр мэдэгдэж байна.

МОНГОЛЫН ҮР ТАРИА ЭРХЛЭГЧДИЙН ГАЗАР ТАРИАЛАН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж