Халхгол чөлөөт бүсийн ”дээл солигдож”, дахин УИХ-д орж ирлээ

Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

Халхгол чөлөөт бүсийн ”дээл солигдож”, дахин УИХ-д орж ирлээ

Өнгөрсөн долоо хоногт Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Халхгол чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75 тоот тогтоолын төслийн дээлийг солиод дахин УИХ-д оруулж ирлээ. 

Түүний УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан “Халхгол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн тухай УИХ-ын тогтоолын төсөл эрх баригчдын топ популист хэллэг болох “үндэсний бүтээн байгуулалт” гэх тодотголыг эс тооцвол хэдхэн сарын өмнө солонгосчуудад бэлэглэх гэж байгаа тухай шуугианд өртсөн Халхгол чөлөөт бүсийн тогтоолын төслөөс онцын ялгаагүй аж. Дээлээ сольсон төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэх юм. Хүнс хөдөө аж ахуйн сайд энэ төслөө өргөн барихдаа УИХ-ын даргад “Монгол Улс сүүлийн жилүүдэд мах экспортолж байгаа.

ОХУ-ын хойд мужуудад үхэр, хонь, адууны түүхий мах, БНХАУ-д үхэр, хонь, ямааны түүхий мах, БНСВУ-д гүн хөлдөөсөн хонь, ямааны мах экспортлохоор болсон. Гэсэн ч сүүлийн жилүүдэд мал, амьтны гоц халдварт өвчин гарсаар байгаа нь хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэнд болон түүхий эд, махны экспортод саад учруулж байна. БНХАУ гэхэд их хэмжээний мах импортоор авах сонирхолтой ч манайд гарч байгаа мал, амьтны гоц халдварт өвчнөөс шалтгаалан зөвхөн баруун бүсийн таван аймгаас түүхий мах бэлтгэн экспортлох хязгаарлалттай тулгарч байна. Тиймээс мал, амьтны гоц халдварт өвчнөөс өндөр хэмжээнд урьдчилан сэргийлсэн, хорио цээрийн байнгын хяналтыг тогтоосон бүсүүдийг бүх бүс нутагт байгуулан экспортод чиглэсэн малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэг цонхны бодлогыг бий болгох шаардлагатай. Энэ бол уг бүс нутагт хөдөө аж ахуйн чиглэлээр хөрөнгө оруулалт татах, түүнийг баталгаажуулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх зэргээр хөдөө аж ахуйг олон улсын зах зээлийн чиг баримжаатайгаар эрчимтэй хөгжүүлэх боломж” хэмээн танилцуулжээ. 

Зүүн бүсэд мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлсэн, хорио цээрийн байнгын хяналтыг тогтоосон бүс байгуулж, экспортын зориулалттай мал аж ахуйг өсгөх, бүтээн байгуулалт хийчихээр суурин зөндөө бий. Дорнод аймгийн төв гэхэд хүн ам олноор төвлөрсөн, дэд бүтэц хөгжсөн, олон улсын нисэх буудал, автозамтай. Аймгийн төв болон нутгийн ойролцоох бэлчээрийн бүсийг түшээд энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлчихвэл тэнд ажиллах хүч, хүний нөөц нь байж л байгаа. Ийм боломж байсаар байхад яагаад олон тэрбум төгрөг зарцуулагдах, талын салхинаас өөр байнгын оршин суугчгүй Халхголын районыг сонгож, яагаад заавал Халхгол руу “шүлсээ гоожуулаад” байна вэ? Асуултын хариуд улс төрийн хүрээнийхэн “Энэ төслийн ард Р.Бурмаа болон түүний ард сууж байгаа хэсэг хүмүүсийн Халхголд бүтээн байгуулалт нэрээр хэн нэгэнд газар олгож, ямар нэгэн байгууламж барих санаархал нуугдаж байгаа” гэсэн хариултыг өгч байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй. 

Хагас жилийн өмнө “Халхгол” чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 тогтоол ширүүн маргаан дагуулсныг санаж байна. Өнгөрсөн оны долдугаар сард батлагдсан энэ тогтоолын дагуу “Халхгол” чөлөөт бүсэд 500 мянган га газар олгохоор болсон юм. Энэ бол дэлхийн чөлөөт бүсийн түүхэнд байхгүй их хэмжээний газар нутаг. Нөгөө талаар тус сумын газар нутгийн тариалангийн зориулалттай 42 мянга, бэлчээрийн зориулалттай газрын 30 гаруй мянган га газрыг орон нутгийн болон бусад аж ахуйн нэгжүүд эзэмшиж ашигладаг. Гэтэл Буйр нуурын дэргэд байрлахаар төлөвлөж байгаа чөлөөт бүсийн 500 мянган га-д хэдэн зууны настай байгаль, түүхийн цогцолборт газар, хөшөө дурсгал, ховор ан амьтны нүүдэл суудлын зам, орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг хөдөлмөрийн талбар бүгд багтсан нь иргэдийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэж байлаа. Түүнчлэн Буйр нуур болоод Мэнэнгийн талын эко системд хор хөнөөлтэй, Буйр нуурыг тойрон нүүдэллэж амьдардаг 3000 гаруй малчин өрхийн малын бэлчээр чөлөөт бүсийн хашаанд түгжигдэж, Халхгол дахь нүүдлийн мал аж ахуйн хувь заяа үндсэндээ бүрхэг болно гэж иргэд үзэж байв. Орон нутгийнхны энэ эсэргүүцлийг монголчууд шуурхай дэмжсэн бөгөөд энэ нь 1939 оны халхголын дайн, эх орон тусгаар тогтнолын баталгаа болсон түүхэн газраа харийн нэг компанид 500 мянган га талбайгаар нь хашиж өгөхийг хүсээгүйтэй холбоотой байв. 

Энэ шийдвэрийг Халхголчууд, Дорнодын иргэд, монголчууд бүгд эсэргүүцсэн бөгөөд энэ давалгааг улстөрчид ч өөртөө ашигтай байдлаар эргүүлж, популизм хийх гэж оролдоод бүтэлгүйтсэн билээ. “Улс орны тусгаар тогтнолтой холбоотой газар нутгийг хэн дуртай албан тушаалтан Солонгосчуудад өгдөггүй юм” гэсэн ширүүн эсэргүүцлийг намжаахаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Халхголд давхиж очоод нутгийнханд хөөгдөөд буцсан. Төд удалгүй орон нутгийн Засаг дарга нартай холбоотой газрын маргаан үүссэн. Халхголын бүс нутгийн газрын маргаан Захиргааны хэргийн шүүх, Үндсэн хуулийн Цэц дээр ч хэлэлцэгдсэн юм. Бүр Халхгол чөлөөт бүс нэрээр МҮҮН-ий шашныханд газар олгох гэж байсан тухай хардлага ч дэгдэж байгаа. 

Хэдийгээр хүмүүс яг одоо Халхголын маргаанаас бага зэрэг хөндийрсөн ч эрх ашиг нь хөндөгдөж байгаа Дорнодынхон тэр дундаа Халхголчууд энэ сэдвийг анхааралтай ажиглаж байгаа аж. Өнгөрсөн сарын дундуур Дорнод аймгийн нэртэй зарим фэйсбүүк хаягаар “УИХ Халхголын чөлөөт бүс байгуулах 75 тогтоолыг цуцаллаа. Мэнэнгийн талаа чөлөөт бүсийн савраас мулталж чадлаа” гэсэн мэдээллүүд түгж иргэдийг нэлээн тайвшруулсан гэдэг. Ор үндэсгүй энэ мэдээллийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй зарим улстөрчид овжин ашиглаж, өөртөө оноо цуглуулах хэрэгсэл болгож байгаа бол нөгөө талдаа Халхголд тавьж буй иргэдийн анхаарлыг сулруулах, сарниулах далд оролдлого байсан гэлтэй. Юутай ч дуулиан шуугиан ид өрнөж байх үед УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын гишүүд Халхголд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 тогтоолыг бүхэлд нь цуцалж, дэлхийн 80 гаруй оронд мөрдөгддөг жишгийн дагуу органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүс болгон хөгжүүлэх талаар тусгасан тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байсан юм. Хэлэлцэх асуудлын дарааллаас удтал “жийгдсэн” энэ тогтоолыг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хороо хэлэлцээд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон байв. 

Хачирхалтай нь энэ төслийг УИХ яг хэлэлцэх гэж байтал Р.Бурмаа “Халхгол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн тухай УИХ-ын тогтоолын төслөө УИХ-д яаран өргөн барьсан нь сонирхол татаж байгаа юм. Хэрвээ Х.Болорчулуун нарын санаачилсан дээрх төслийг УИХ дэмжвэл Халхгол чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 тоот тогтоолын төсөл автоматаар хүчингүй болох байв. Энэ төсөл УИХ-аас дэмжлэг авах магадлалтай байсан гэж УИХ дотроос мэдээлж байна. Гэвч өнөөдөр нөхцөл байдал өөр болсон. Бие даагч гишүүн Х.Болорчулуун МАН-ын гишүүн болсон тул Халхголын маргааныг АН өрсөлдөгч намдаа ашигтайгаар шийдүүлэхгүй гэж үзнэ гэсэн таамаг ч өрнөж эхэлжээ. Мөн энэ асуудалтай зэрэгцүүлж Р.Бурмаад өөр нэгэн төсөл шургуулахаар яарсан шалтгааны ард нэгдүгээрт, АН-ын сонгуулийн оноогоо алдахгүй гэсэн тэмцэл, хоёрдугаарт Халхгол орчмын бүс нутгийг амласан гадныхандаа тал алдахгүйн тулд төслийн дээлийг сольж дахин нэг зүтгүүлж үзэх гэсэн амлалт нуугдаж байхыг үгүйсгэхгүй гэж эх сурвалжууд ярьж байна. Харин энэ мэдээллийг Халхголчуудад, Дорнодчуудад, монголчууд хэр зэрэг мэдрэмжтэй хүлээж авах бол?

Эх сурвалж:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж