Э.Амартүвшин: Энэ шагнал миний мөрөөдөл байсан

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин: Энэ шагнал миний мөрөөдөл байсан

Дөрвөн жилд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит сонгодог урлагийн уралдаанаас Монголын уран бүтээлчдийн анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин өнөөдөр эх орондоо ирсэн билээ. Түүнд өнөөдөр үдээс хойш ДБЭТ-ын хамт олон нь хүндэтгэл үзүүллээ.
   
Уулзалтын үеэр хөгжмийн зохиолч Б.Шарав түүнд Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит сангийн шагнал гардуулж, амжилт хүслээ.

Э.Амартүвшингийн аяны богцыг уудлахаар дуурийн театрт сэтгүүлчид олноороо хүрэлцэн ирсэн байлаа. Тэрбээр сэтгүүлчидтэй уулзаж, Монголын сонгодог урлагийн түүхэнд гаргасан гайхалтай амжилтынхаа талаар “Энэ шагнал миний мөрөөдөл байсан. Олон улсын хэмжээнд Монголынхоо нэрийг гаргасандаа маш их баяртай байна. Миний өрсөлдөгчид маш чадалтай дуучид байсан. Шүүлт их хатуу явагдсан. Намайг мөнгөн медаль авсны дараа хүмүүс миний багшийн талаар их асууж байсан. Энэ үед багшаараа бахархаж бас баярлаж байлаа. Гуравдугаар шатны шалгаруулалтын дараа буудалдаа телевиз үзээд байж байхад мессэжээр авсан санал асуулгад би хоёрдугаарт бичигдэж байсан. Миний төлөө маш олон үзэгч саналаа өгсөн. Энэ нь надад их сайхан санагдаж, урам өгч байлаа. Миний хувьд бэлтгэл, амралт хосолсон сайхан тэмцээн боллоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Агуу П.И.Чайковскийн нэрэмжит уралдаан, сонгодог урлаг алтан тайзнаас медальтай ирнэ гэдэг Монголын сонгодог урлаг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөний хамгийн том үнэлэмж яахын аргагүй мөн. Тийм ч учраас ДБЭТ-т Э.Амартүвшинд баяр хүргэх гэсэн, түүний амжилтаар бахархсан олон арван уран бүтээлчид ирсэн байлаа. Тэгэхээс ч аргагүй биз ээ.

Г.Анударь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж