С.Хорлоо эмээгийн гэрийг хүү нь заржээ

Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

С.Хорлоо эмээгийн гэрийг хүү нь заржээ

Дэнжийн мянгын цагаан байрны ойролцоох гэрээсээ өглөө бүр  хоёр халуун сав цай үүрэн гардаг эмээг нийслэлийнхэн бүгд танина. Түүнийг Хорлоо эмээ гэж авгайлан дуудна. Хорлоо эмээ “Бөмбөгөр”-ийн худалдаачдад халуун цайгаар үйлчилсээр олон жил болжээ. Өдгөө 90 насыг зооглож байгаа эмээ амьдрахын эрхээр өдөртөө 2-4 халуун сав цай чанаж, түүнийгээ үүрэн Бөмбөгөрийг зорьдог. Худалдагч нар ч эмээг өрөвдөөд цайг нь хүлээгээд сууж байдаг ажээ. Эмээ олсон хэдэн төгрөгөөрөө амьдралаа залгуулж, бас болоогүй цөөн хэдийг нь цааш нь хийж амьдарсаар өнөөдрийг хүрчээ. 90 настай хөгшин  эмээ мөнгө хадгалж  Тэрбээр хадгалсан мөнгөө хүүдээ зориулдаг аж.  Эмээ нэг хүүтэй.  Хүү нь эхнэр хүүхэдтэйгээ  тусдаа амьдардаг ч   сэтгэцийн өөрчлөлттэй учраас ээждээ туслах  битгий хэл өнөөдөр ээжийнхээ  тусламжийг аваад амьдарч байгаа ажээ.

Хамгийн сүүлд Хорлоо эмээгийн талаар Eagle мэдээлэхдээ “хуурай” охин Ц.Сувд-Эрдэнэ нь саяхан амаржиж, эмээ тэднийд үе үе очиж хүүхдийнх нь даавууг угааж, хоол цайг нь бэлдэж өгч байгаа талаар мэдээлсэн. Бид Хорлоо эмээтэй уулзахаар  гэрт нь болон  ажлын байран дээр нь очтол ажилдаа 2-3 хоног ирээгүй гэж “Бөмбөгөр” худалдааныхан хэллээ. Хорлоо эмээгийн гэрт нь очиход эзгүй байлаа.

Харин бид эмээгийн талаар мэдэхээр харъяалагдах хороог нь зорьсон юм. Чингэлтэй дүүргийн есдүгээр  хорооны Засаг дарга Н.Оюунцэцэг ярихдаа “Хорлоо эмээ сайн байгаа. Хорооноос болон төрийн бус байгууллагуудаас  Хорлоо эмээд гурван ч  удаа гэр олгосон боловч Хишигбаатар гэдэг хүү нь зарчихдаг. Мөн эмээд хувцас өгөхөөр өмсдөггүй, өөр бусад төрлийн тусламжийн үр дүн гарахгүй байна. Эмээ цай зарахаас аргагүйд хүрсэн гэж бид хэлэхгүй” гэлээ.

Ямартай ч Хорлоо эмээ энх тунх, өөрийн дуртай ажлаа хийгээд явж байгаа юм байна. Харин 90 гаруй насыг зооглож буй ээжийнхээ олсон мөнгийг үрчихээд сууж байдаг арилсан дотортой хүүг нь яанам бэ.

Э. Дарин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж