Түйтгэр тарьсан түймэр

Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

Түйтгэр тарьсан түймэр

-Канадад гарсан гал түймрийг бүрэн унтраахад хэдэн сар зарцуулахыг урьдчилан таах аргагүй байна-

Канадын түүхэнд асар өргөн нутаг дэвсгэрийг хамарсан, хамгийн их хор хохирол учруулсан түймэр асч байна. Цаг агаар тогтуун, салхины чиглэл түймрийг газрын тос агуулсан элстэй МакМуррейгээс холдуулж, зүүн өмнө зүг рүү хөөж байгаа нь албаны хүмүүст бага зэрэг найдвар төрүүлж байгаа ажээ.  Гэсэн хэдий ч нүүлгэн шилжүүлсэн хотын 88 мянган оршин суугчийг хэзээ гэртээ харьж, ойролцоох эрчим хүчний компаниуд хэзээ хэвийн ажиллагаандаа буцаж орохыг хэн ч хэлж чадахгүй байна. Ой хээрийн түймрээс болж Канадын газрын тос агуулсан элсний үйлдвэрлэл 50 хувиар буурчээ.

Цаг агаар тогтуун, салхи бага байгаа нь гал сөнөөгчдөд галыг цурманд оруулна гэсэн найдвар төрүүлж байгаа ажээ. Хоёр долоо хоногийн өмнөөс дэгдсэн ой хээрийн түймэр өнгөрсөн ням гаригт Канадын зүүн хойд хэсэг дэх Альберта мужийн газрын тос агуулсан элсийг бараг тэр чигээр нь хамарч, зэргэлдээх мужуудад ч тарах аюул бий болжээ.

Альберта мужийн зүүн өмнөд хэсгээс хотын ойт хээрийн бүсийг нэлэнхүйд нь хамарсан түймрийн дараа цэвэрлэгээ явуулахад их цаг хугацаа шаардагдана гэж Альберта мужийн гал сөнөөх албаны ажилтан ярьсан байна. Түүнчлэн асар өргөн талбайг хамарсан гал түймрийг унтраахад хэд сар ч зарцуулагдаж магадгүй гэж албаныхан сэтгэл түгшиж байгаа ажээ.  Канадын Засгийн газрын албан ёсны мэдэгдэлд дурдсанаар ой хээрийн түймэр нийт 161 мянган  га талбайд тархаад байгаа гэнэ. Гэвч албаныхан гал түймэр ганцхан шөнийн дотор үүнээс хоёр дахин их талбайд тархах аюултайг анхааруулж байгаа юм. МакМуррей боомт хот бол Канадын газрын тос агуулсан элстэй бүс нутгийн төв нь билээ. Гал түймрийн улмаас тус бүс нутгийн газрын тосны үйлдвэрлэлийн тэн хагас нь буюу өдрийн нэг сая баррелиар буурчээ.

Түүнчлэн гал түймэр Канадын газрын тосны нийлүүлэлтэд нөлөөлж эхэлснээс болж газрын тосны үнэ даваа гаригт хоёр хувиар нэмэгдсэн байна. Канадын түүхэнд энэ гал түймэр хамгийн их хор хохирол учруулсан байгалийн гамшиг болж үлдэх бололтой. Шинжээчдийн таамаглаж буйгаар  даатгалын компаниуд гал түймрийн улмаас долоон тэрбум ам.долларын алдагдалд орох нь тодорхой болжээ.

МакМуррей хотын оршин суугчдыг гал түймрийн гамшгаас амжилттай нүүлгэн шилжүүлсэн бөгөөд гал түймэр дэгдсэн цагаас хойш 160 гал сөнөөгч галыг унтраахаар зогсолтгүй ажиллаж байгаа ажээ. Гал түймрийн улмаас олон байшин барилга түймэрт өртөж, олон айл орон гэргүй болсон байна. МакМуррейн оршин суугчид одоогоор зэргэлдээх хотуудад түр хоргодох газарт байгаа ажээ. Гэвч хотын цахилгааны шугам гал түймэрт өртсөн тул хот цахилгаангүй бас ундны ус уух аргагүй болсон байна. Ням гаригийн байдлаар нийт 34 хэсэг газарт гал түймэр асч байснаас тавыг нь цурманд оруулжээ. МакМуррей хотод болон хотын ойролцоо 500 гаруй гал сөнөөгч 15 нисдэг тэрэг, 14 агаараас ус шүршигчийн тусламжтайгаар галыг унтраахаар ажиллаж байна.  

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж