“Олборлолт”-оор ороод гараарай

Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

“Олборлолт”-оор ороод гараарай

“Олборлолт” нэртэй үзэсгэлэн тавдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн “976 арт галерей”-д гарч байна. “Би ч урлаг, уран зураг сонирхдоггүй дээ” гэж өөрийгөө гололгүй зүгээр л яваад оч. Тэндээс та ямар нэгэн сонин мэдрэмжтэй гарч ирнэ гэдгийг би амлаж байна.  “Уран бүтээлч Тогмидшийрэвийн Энхболдын бие даасан үзэсгэлэн” гэхээр би  ч бас бийр багс, жаазтай зураг, чамин ганган, эрхэмсэг, будаг шунх ханхалсан өвөрмөц орчин төсөөлж очсон. Оруутаа цочирдсон, эвгүйрхсэн, сүүлдээ сониучирхаж гайхсан, бас  алмайрсан. Төгсгөлд нь “Ингэхэд бид байгаль, эх дэлхийгээсээ ямар их холдсон юм бэ, яагаад ингэж ондоошчихов оо” гэж эргэцүүлсэн. Та  “976 арт галерей”-д дэлгэсэн  “Олборлолт” үзэсгэлэнд морилоорой, зочлоорой гэж чамирхахыг хүсэхгүй байна. Зүгээр л яваад оч, очоод  уран бүтээлчтэй ярилцаарай. Харин би Т.Энхболдтой юун тухай ярилцсанаа уншигч тантай хуваалцъя.

-Орж ирүүт та бүтээлүүдийг маань үзчих. Тэгээд ярилцъя гэсэн. Үзэж байж л ярилцахаас аргагүйг мэдэрлээ. Үзэсгэлэнг үзэж байхад яагаад ийм сонин материалуудыг ашигласан юм бол, юүг илэрхийлэхийг хүсэв гэсэн асуултууд хөвөрч байна. Үзэсгэлэнгийн танхимд эгшиглэх ая, үзүүлж буй видео бичлэгүүд гээд содон зүйлс олон байлаа. Таны өөрийн биеэр илэрхийлээд байгаа үйлдлийн урлагийн талаар эхэлж ярилцмаар санагдлаа. Шийрлэсэн ханыг дэлхийн бөмбөрцөг хэлбэрт оруулан өргөөд явж буй энэ бичлэг хаана авахуулсан бичлэг вэ?

-Үйлдлийн урлаг гэдэг бол уг нь гайхаад байхаар зүйл биш л дээ. Хүн бүр цаг, минут тутамд ямар нэгэн үйлдэл хийж байдаг. Түүнийг л урлагт ашигласан гэсэн үг.  Нэн орчин үеийн үйлдлийн урлаг гэгдэх контемпорарийг монголчлон  орон зайн урлаг ч  гэж нэрлэж байгаа. Урлаг судлаачдын хувьд олон техникийн сүлэлдээн гэж нэрлэж байгаа.  Олон улсын төвшинд бол дориун хөгжиж байгаа үйлдлийн урлагийн төрлөөр одоогоос яг нэг жилийн өмнө /2015.05.09/ Итали улсын  Венецид болсон  олон улсын дүрслэх урлагийн 56 дугаар биеннальд  оролцоод ирсэн. Таны харж буй бичлэг бол уралдаанд оролцохоос хоёр өдрийн өмнөх бичлэг л дээ.  Уг наадамд Монголоос анх удаа уран бүтээлчид оролцсон юм. Х.Үнэн-Энх бид хоёр оролцсон. Бид бүтэн сар, хагасын хугацаанд Венецид байж, олон улсын харцыг татаж чадсан.

-Энэ модон ханыг Монголоос авч очсон уу.  Яг монгол аргаар үдсэн хана уу?

-Тийм ээ. Монгол гэрийн хана ямар байдаг вэ, яг тэгж  л хийсэн. Тэмээний ширэн үдээртэй хана. Гэрийн хана бол  хэлбэр, орон зайн өргөн сонголтоор ашиглаж болох, барилга архитектурт ч хэрэглэхэд хамгийн тохиромжтой  гайхалтай контрукци шүү дээ.

-Мөнх цаст уулын хормойд үзүүлээд байгаа энэ үзэгдлийг тайлбарлаж өгөөч. Ашиглаад байгаа бөс нь майхан юм уу, эсвэл шүхэр ч юм уу?

-Энэ бол Баян-Өлгий аймгийн нутагт Алтай Таван богдын бэлд авсан зураг.  Контемпорари урлагийн Хөх нар төвийн уран бүтээлчид  болон МҮОНРТ-тэй хамтран зохион байгуулсан “Art camp” төслийн хүрээнд хийсэн бичлэг. “Салхины урсгал” гэдэг нэртэй  “Land art”  буюу байгалийн урлаг юм. Land art бол бидэнд хамгийн ойрхон урлаг. Байгальтай хэрхэн харьцдаг вэ гэдгийг харуулахын дээр  хүн бол байгалийн холбогч гэдгийг харуулахыг хичээсэн.  Ашигласан бөс даавуу бол миний гэрийн гадуур бүрээс. Би гэрээ үүргэвчиндээ багтаагаад л аваад явчихдаг юм. / Welcome to my home гэсэн бичигтэй том үүргэвч үзэсгэлэнд бий/

-Олон тооны үлээж хатаасан гүзээ ашигласан үзүүлбэр их сонин санагдлаа. Та яг юү илэрхийлэхийг хүссэн бэ. Сүү болон устай хувинд толгойгоо дүрээд байгаа нь ямар учиртай юм бэ. Дотуур өмднөөс өөр хувцасгүйгээр олны өмнө гарч үзүүлбэр хийснийг хараад танаас зориг их шаардсан болов уу гэж бодогдлоо?

-Сэрэхүй гэдэг энэ бүтээл бол инталяци буюу байрлуулах, өрөг  урлагийн бүтээл. Орон зайд  эд юмсыг байршуулан илэрхийлдэг урлаг гэсэн үг л дээ. Барималч А.Очирболд бид хоёрын бүтээл.  Гүзээнүүдийг А.Очирболд өөр бүтээлд ашигласан байсныг би дараа нь үйлдлийн урлагтаа оруулсан. Энэ бол ямар нэгэн жүжиглэлт биш. Өнөөдрийн нийгэмд оршиж буй үйлдлийг л харуулсан. Сүү, усны хувьд би олон бүтээлдээ ашигладаг. Энэ хоёр шингэн бол хоёулаа ариун чанартай.

– Гэр хорооллын аль ч гудамжинд харж болохоор банзан  хашааг ашигласан байна. Олон хүн хөлхдөг газарт байсан болов уу гэмээр буланд нь олон төрлийн зар наасан энэ хашааг ямар учиртай вэ?

-Энэ бол миний гэрийн 22-н А тоот хашаа. Тэр дааман хаалга нь байна. Энэ бүхэн бол миний олборлолт үзэсгэлэнгийн эрдсүүд юм. Хүн бүрт өөрийн орчноос түүх түүвэрлэх баялаг эрдэс бий. Би л хувьдаа өөрт ойрхон байгаа бүхнээ өрөг урлагт ашигласан нь энэ.  Би модон конструкцийг маш их ашигладаг.

-Үзэсгэлэн дуусахаар энэ хашаа, дааманг та буцаагаад гэртээ аваачих уу?

-Үгүй ээ. Би хашаа, даамангаа шинэчилсэн. Тиймээс эдгээр бүтээлүүд энэ чигээрээ хадгалагдана.

-Та галарейдаа хадгална гэж үү. Овор ихтэй юм даа, тээ?

-Миний галарей зай томтой. 0,007 га хэмжээтэй галарей надад бий шүү. /инээв/

-Эсгий дээл арай таных биш биз дээ?

-Мөн байлгүй яахав. Энэхүү эсгий хэвнэгийг  урлаж, Венецийн наадамд оролцохдоо өмссөн. Хамгийн сүүлд олдсон археологийн бүтээлээс санаа авч, энгэрт нь гараа гаргаж болохуйцаар зүсэлт хийсэн.  Аян дайны үед  эртний дайчид дээлээ тайлж, сугалдаргалахгүйгээр нум сум харвахад зориулсан байхыг үгүйсгэхгүй. Ханцуйгаа ар тийш нь татаад товчлох боломжтой. Ийм соёлыг өвөг дээдэс маань бидэнд үлдээсэн байх жишээтэй.

-Энэ гэзэг хэний гэзэг вэ?

-Энэ миний гэзэг. 2010 онд Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулсан “Цаг хугацаа ба орон зай” үзэсгэлэнд  би үсээ тайрч, “Эх үр”  нэртэй үйлдэл хийсэн юм. Тэр үед тайрсан үс.  Дараа нь бас 2014 онд үсээ тайрсан. Үсээ тайрснаар хүн шинээр төрсөн мэт нийгмээ харах болно гэж илэрхийлэхийг хүссэн юм. Аливааг буруу өнцгөөс бус зөв эсрэг талаас нь харахад заавал эхээсээ дахин төрөхийг мөрөөдөх хэрэггүй л дээ.

-Эртний авдар, баадантай юм ямар учиртай вэ?

-Энийг авдар гэдэггүй, үхэг гэдэг юм. Зарим аймгийнхан үжин ч гэдэг. Нялх хүүхдийг үхэгт хийгээд тэмээнд тэгнэн нүүдэллэдэг. Аавыг минь багад энэ үхэгт хийж нүүдэллэдэг байсан гэдэг. Буурай аавын маань хийц. Баадантай нь миний дээл, бүс.

Ярилцсан Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж