Панамын оффшор дансны дуулиан: Монгол

Хуучирсан мэдээ: 2016.05.10-нд нийтлэгдсэн

Панамын оффшор дансны дуулиан: Монгол

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь урьд шөнө улаанбаатарбын цагаар 03.00 цагт /2016.05.09/ зарлан нийтэллээ.

Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг дэлгэв. Уг материалд Монгол Улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэн байна. Монгол иргэдийн оффшор данс ихэвчлэн Их Британийн Виржини аралд бүртгэлтэй байгаа юм. Улстөрчдөөс  Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын нэрс багтсан гэж урьдчилан мэдээлж байсан ч энэ удаагийн мэдээлэлд эдгээр хүмүүсийн нэрс байсангүй. Харин  Ж.Оюунгэрэл, Ишжамц Дамдин гэсэн нэрс илэрчээ.  Олны танил хүмүүсээс Бат-Үүлийн Чулуудай (Улаанбаатар хотын захирагчийн хүү), Даваагийн Батбаяр (УИХ-ын гишүүн асан) нарын нэрс байгааг доорх жагсаалтаас харж болно. Түүнчлэн Батзориг Чимэддорж гэгч эрхмийн нэр дээр зургаан оффшор данс бүртгэлтэй байна.  

Олон сая оффшор дансны мэдээлэлд дэлхийн 12 ерөнхийлөгчийн нэр бичигдсэн байна. Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины холбоотнууд хэрхэн хоёр тэрбум ам.долларыг цаасан дээрх компани болон банкаар дамжуулан завшсаныг илчилжээ. Оффшор дансны мэдээлэд дэлхийн 128 улстөрчийн нууц санхүүгийн үйл хэргийг олон нийтэд ил болгож байна. АНУ-ын хар жагсаалтад бүртгэлтэй “Хезболлах” террорист бүлэглэл, Хойд Солонгос, Иран улсын албаныхан, Мексикийн хар тамхины лордууд гэх мэт  33 хувь хүн, компанийн нэр оффшор дансны мэдээллээр гарч иржээ.

Түүнчлэн авлигын эсрэг тэмцэх амлалт өгсөн Украины ерөнхийлөгч Пётр Порошенко болон Хятадын дарга Си Жинпины хамаатан саднууд оффшор данс эзэмшдэг нь илэрсэн байна. Мөн татварын шинэчлэлтэд уриалж буй Их Британийн ерөнхий сайд Дэвид Камероны эцэг оффшор данстай байсан нь илэрснээр  багагүй шүүмжлэл дагуулж байв.

Панамын “Mossack Fonseca” хуулийн фирм 1977 оноос 2015 оныг хүртэлх 40 орчим  жилийн хугацаанд үйлчлүүлэгчдээ татвараас зугтаах, мөнгө угаах зэрэг гэмт хэргээс хаацайлж байсныг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн эвлэлийн дэлгэсэн олон сая оффшор дансны мэдээлэл гэрчилж байна.

Оффшор дансны мэдээлэл нийтэд ил болсноос Исландын ерөнхий сайд Сигмундур Дэвид Гуннлаугссон огцорсон юм. Түүний эхнэр Исландын санхүүгийн хямралын үеэр оффшор компанидаа олон сая ам.долларыг хадгалж байсан нь илэрчээ.

Мөн Форбс сэтгүүлийн дэлхийн баячуудын жагсаалтад орсон 29 тэрбумтны нэр бичигдсэн байна. Хятадын алдартай жүжигчин Жэки Чан Панамын хуулийн фирмээр дамжуулан зургаан компани эзэмшдэг аж.

Авлигын дуулианд холбогдон шалгагдаж буй олон улсын хөлбөмбөгийн холбоодын /FIFA/ экс ерөнхийлөгч Эухенио Фигередогийн оффшор данс илэрсэн байна. Мөн дэлхийн шилдэг тоглогч Лионель Месси эцгийнхээ хамт Панамын “Mega Star Enterprises Inc” компанийг эзэмшдэг нь илэрснээр хөлбөмбөгийн ертөнцөд дуулиан тарьсан билээ. Түүний оффшор дансыг Испанид татвараас зугтаасан хэрэг үүсгэн мөрдөн шалгаж эхэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж