Засгийн нэг бүрэлдэхүүн болох “Шударга ёс” эвлээс Г.Уянга, Л.Цог нар гарч Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар Монгол Ардын намд, Н.Батцэрэг, М.Сономпил нар УИХ дахь Ардчилсан намын бүлэгт элссэнээр тус бүлэг О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар гэсэн дөрвөн хүнтэй үлдсэн нь бүлгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжгүй болсон билээ.
Засаг барилцаж буй нэг субьект нь бүлэггүй болсон нь Засгийн газар цаашид тогтвортой ажиллаж чадах уу гэсэн асуултыг үлдээж буй бөгөөд үүнд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын өгсөн товчхон хариулт нь “Шударга ёс бүлэг задарсан ч эвсэл задраагүй” гэх үг.
“Шударга ёс” бүлгээр дамжуулан хувийн улс төр хийж, хууль тогтоох төрийн дээд байгууллагад нөлөөлөх гэсэн Н.Энхбаярын хүсэл ийнхүү хязгаарлагдахтай зэрэгцээд, түүний намыг гудамжинд “хөөж” гаргах тухай яриа улс төрийн хүрээнээс дэгдэх болсныг хов жив төдийгөөр өнгөцхөн дүгнэж боломгүй.
Учир нь, Ардчилсан намын дарга З.Энхболд МҮАН-аас тус намын бүлэгт элсээд удаагүй байгаа М.Сономпилыг хүлээн авч уулзахдаа Батлах хамгаалах яамыг санал болгосон гэх яриа саарал ордны шинэ мэдээ байв. Чухам энэ мэтээр Ардчилсан нам засгаас МАХН-ын сайдуудыг явуулахаар ярьж эхэлсэн нь оргүй ч үг биш болов уу.
Яг үнэндээ бол МАХН гарлаа ч, байлаа ч Ардчилсан намыг “айлгах” үе нь ард үлдсэн. Ч.Сайханбилэгийн сандалтай ярьдаг "бүлгийн хэл" Н.Энхбаярт байхгүй болсон. Иймээс Ч.Сайханбилэгийн Засгийн газар ямар ч тохиолдолд унахгүй. Тийм болохоор Ардчилсан намд одоо МАХН хэрэггүй болжээ гэсэн үг.
Санаатай болон санамсаргүйгээр цацаж байгаа “бор шувуу”-нд итгэхэд хэцүү ч бас үгүйсгэх аргагүй. Учир нь Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жил "бугуй"-г нь барьсан Н.Энхбаяраасаа үлдэж байгаа 45 хоногт салах нууцхан хүсэл тээж явааг хэн мэдлээ. Тэгээд ч Ардчилсан нам засгаас МАХН-ыг хөөлөө гэхэд алдах юмгүй.
Ардчилсан намын 35 кноп дээр МҮАН-ын хоёр, ИЗНН-ын хоёрыг нэмбэл тус нам УИХ-д ердийн олонх болно гэсэн үг. Нөгөө талаар үлдэж байгаа сар гаруйн хугацаанд Ч.Сайханбилэгийн засгийг огцруулах асуудлыг сөрөг хүчнээс тавилаа гэхэд өөртөө хасах оноо цуглуулахаас цаашгүй. Харин бүлгийн дарга болоод тав хоногийн дараа бүлэггүй хоцорсон О.Баасанхүү гишүүнд ийм нэг гомдол, гоморхол байхыг үгүйсгэхгүй.
Гэхдээ хожих юмгүй, нэмэгдэхүүний байрлалыг өөрчиллөө гэхэд нийлбэр дүн нь ижилхэн гарах асуудалд улс төр хийх нь утгагүй гэдгийг МАН ч, МАХН ч сайн мэдэж байгаа. Харин Ардчилсан намын хувьд дангаараа засаг барьж сонгуульд оролцлоо гэхэд үүнийг бас л буруутгах аргагүй тактик. Тэртээ тэргүй өнгөрсөн дөрвөн жилийн алдаа, оноо аль, алиныг нь Ардчилсан нам өөрсдөө үүрнэ.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдаар Ц.Лхагвасүрэнг томилох асуудлыг ярилцсан хэдий ч Засгийн газрын саналыг хэлэлцэх ёстой байсан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар тодорхойгүй шалтгаанаар хойшилсны цаана МАХН-ыг засгаас жийх улс төр өрнөж байж болох талтай.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан он цагаас эхэлж тоолбол Ч.Сайханбилэгийн танхим зургаан сар “онгорхой шүдтэй”, Ц.Оюунбаатар гурван давхар дээлтэй халууцаж яваа юм. Гэвч, Ц.Оюунбаатар болон Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ нар давхар дээлээсээ хагацлаа гэхэд суудлыг нь авах нөхдүүд Ардчилсан намд хар мянгаараа бий. Нэр дэвшүүлэх боломжгүй хүмүүсээ Ардчилсан намын дарга нэг сарын сайдаар хуурахтайгаа ч биз.
МАХН-ын зүгээс “Засгаас сайн дураараа гарахгүй, харин хөөж болно. Хөөсөн үед чинь хоргодоод байхгүй” хэмээн гэдийж буй ч бүлгээр дамжуулан хийдэг тэдний “шантааж” хэдийнэ үгүй болсон, хэзээ мөдгүй Ардчилсан намын хаяа, хатавчнаас хөөгдөх дээрээ тулчихаад байгаа нь худлаа биш. Ямар ч байсан намын даргадаа “үйлчлэх” тогтоолын төслийг Ц.Оюунбаатар Ц.Нямдоржийн хэлсэнчлэн халааснаас гаргаж, дэмжүүлэх боломжгүй болсон нь туйлын үнэн. Хэрэв МАХН нэг л хазгай гишгэвэл сайдууд нь Ардчилсан намын гэрээс хөөгдөх дээрээ тулна гэсэн үг. "Засгийн хувь заяа миний гарт байна" хэмээн сайрхаж суусан О.Баасанхүү хүртэл чив чимээгүй болсныг харахад шүү дээ.
Өмнө нь 26 кноптой МАН-ын зургаан гишүүнийг Ардчилсан намынхан гэртээ урьж оруулчихаад хөөгөөд гаргачихсан гашуун тохиолдол бий. Тэгвэл УИХ-д дөрөвхөн кноптой үлдсэн МАХН-ын гурван сайдыг хөөхөд одоо Ардчилсан намд асуудалгүй болсон. Гэхдээ МАХН-ын сайдуудыг хөөхөөр болсон гэдэг мэдээлэл бол Ардын нам болон Ардчилсан намын зарим гишүүдийн зүгээс шидэж байгаа албажаагүй яриа гэдгийг онцлох нь зөв болов уу. Учир нь Ардчилсан намд 45 хоногийн настай сайдын суудалд санаархаж, намтараа сайд гэх ганц үгээр баяжуулах гэсэн хүмүүс мэр сэр бий юм. Харин ИЗЗН-ыг засагт орно гэсэн “мессеж”-эд тус намын хоёр гишүүн “Үгүй” гэдэг хариултыг өгч байна. Өнөөдөр хэдийгээр ИЗНН "үгүй" гэж хэлж буй ч маргаашийн улс төр хаашаа эргэхийг зөвхөн бурхан л мэдэх байх даа.
Яг үнэндээ бол МАХН гарлаа ч, байлаа ч Ардчилсан намыг “айлгах” үе нь ард үлдсэн. Ч.Сайханбилэгийн сандалтай ярьдаг "бүлгийн хэл" Н.Энхбаярт байхгүй болсон. Иймээс Ч.Сайханбилэгийн Засгийн газар ямар ч тохиолдолд унахгүй. Тийм болохоор Ардчилсан намд одоо МАХН хэрэггүй болжээ гэсэн үг.
Ж.ЭРХЭС