Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын волейболын тэмцээний нээлтийн ажиллагөө өнөөдөр/2016.05.09/ Спортын төв ордны “А” зааланд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд МБАТС-ын XIV их наадмын Зохион байгуулах хорооны дарга, Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга, Монголын волейболын холбооны “Хүндэт Ерөнхийлөгч” С.Ламбаа, МВХ-ны Ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Ц.Баярбаатар, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, МУ-ын Ардын багш Ц.Дамдин, МВХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Энхтүвшин, МБАТС-ын XIV их наадмын зохион байгуулах хорооны дэд дарга, ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир, Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хорооны дарга Х.Бакытжан, БТСХТөвийн дарга, Гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан нарын албаны хүмүүс болон үе үеийн тамирчид оролцлоо.
Энэ үеэр МБАТС-ын XIV их наадмын Зохион байгуулах хорооны дарга, Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга, Монголын волейболын холбооны “Хүндэт Ерөнхийлөгч” С.Ламбаа хэлэхдээ “Монголын Бүх ард түмний спортын их наадмын үе үеийн төлөөлөгчид, ахмадууд, тамирчид, дасгалжуулагчид болон хүндэт зочид та бүхэнд XIV их наадмын зохион байгуулах хорооны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 467 дугаар тогтоолоор МБАТСпортын XIV их наадмыг орон даяар өвлийн хоёр, зуны 16, пара спортын хоёр төрлөөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар спортын есөн төрлийн тэмцээнд 129 байгууллагын 1332 тамирчин оролцож, 126 багц медалийн эзэд тодроод байна. XIV их наадмын нэг онцлог бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн багийн спортыг дэмжих зорилгоор Засгийн газарт чиглэл өгөх тухай 141 зарлигийн хүрээнд багийн спортод медаль хүртсэн тамирчин тус бүрт Засгийн газрын мөнгөн шагналыг тэмцээний протоколыг үндэслэн анх удаа 100 хувь олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, алтан медаль 1,5 сая, мөнгөн медаль 1 сая, хүрэл медаль 500 мянган төгрөгийн мөнгөн шагналыг медаль хүртсэн багийн тамирчин бүрт дагалдан олгох юм. Үүнийг та бүхэнд баяртайгаа мэдэгдэж байна. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт Зуны олимпийн XXXI наадмын уур амьсгал хэдийнэ орж, олимпийн эрхийн тэмцээн үргэлжлэн явагдсаар байна. Тэдний дунд Монголы баг тамирчид өндөр амжилтыг үзүүлж, өчигдөрхөн Туркийн дэвжээнээс чөлөөт бөхийн тамирчид дахин нэг эрхийг нэмсэн сайхан үйл явдал тохиолоо. Ирэх наймдугаар сард Бразилын Рио-де-Жанейро хотноо болох олимпийн наадамд монголчууд урд байгаагүй 40 орчим тамирчин, дасгалжуулагчдын бүрэлдэхүүнтэй оролцох гэж байгаа билээ. Ингээд олимпийн сайхан үйл явдалтай давхцсан энэ жил Монголын Бүх ард түмний спортын наадмын волейболын төрөлд оролцохоор ирсэн аймаг, дүүрэг, клубын тамирчин, дасгалжуулагч та бүхэнд спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Баярлалаа.” гэсэн юм.
Тэмцээний нээлтийн үеэр ЭМСЯ-ны Цол зэргийн нэгдсэн ангиллын “Улсын шүүгч”-ийн болзол биелүүлсэн МВХ-ын шүүгч М.Одхүү, Б.Баярцогт нарт тэмдэг, үнэмлэхийг гардуулан өглөө. Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21-р дунд сургуулийн волейболын дугуйлангийн бага ангийн сурагчид үзүүлэх тоглолтыг сонирхуулав. Энэхүү дугуйланг АБТА, Биеийн тамирын тэргүүний ажилтан, клиник профессор Д.Өлзийхутаг удирдан явуулж байгаа аж.
Монголын Бүх ард түмний спортын XIV их наадамд Улаанбаатар хотын болон орон нутгийн эрэгтэй 27, эмэгтэй 18, нийт 45 баг өрсөлдөж байна.
Эрэгтэй багууд А, В, С, D, E, F, G, H хэсэгт, эмэгтэй багууд А, В, С, D хэсгүүдэд хуваагдсан. Эдгээр өдрүүдэд хэсгийн шийдвэрлэх тоглолтууд ШУТИС болон СТО-ны "А" зааланд болж байна.
Медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд ирэх ням гаригт буюу тавдугаар сарын 15-ны өдөр болно.
Тэмцээний мэдээллийг эргэн хүргэнэ.
Ч.БОЛОР