Э.Амартүвшин: Дэлхийн тайзнаас эх орны тайзнаа

Хуучирсан мэдээ: 2016.05.09-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин: Дэлхийн тайзнаас эх орны тайзнаа

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин энэ сарын 11-ний өдөр анхны бие даасан тоглолтоо УДБЭТ-ын тайзнаа хийх гэж байна. Тэрээр өнөөдөр /05.09/ эх орондоо хийх гэж буй анхны тоглолтынхоо талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Түүний тоглолтод Монгол, Итали, Орос хэл дээр найман ари, таван романс бүхий дан сонгодог бүтээлүүд эгшиглэх гэнэ. Тоглолтод урилгаар Итали улсын “Ла Скала” дуурийн театрын удирдаач Стефано Салватори оролцохоос гадна УДБЭТ-ын ерөнхий концертмейстер, Монгол улсын гавьяат жүжигчин, төгөлдөр хуурч Б.Солонго, найрал дуучид, симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна.

Тоглолтод өмнө нь дуулагдаж байгаагүй “Paliacci” дуурийн пролог ари, “Аndrea Chenier” дуурийн Жерард ари, “Un ballo in mascera” дуурийн Ренато ариг дуулж, сонирхуулахыг онцолж байв.

Тэрээр тоглолтынхоо талаар хэлэхдээ “Сэтгэл маш их хөдөлж байна. Баярлахын хажуугаар айдастай байна. Энэ бол маш өндөр хариуцлага юм” хэмээн ярилаа. Тоглолтод урилгаар оролцож буй Итали улсын “Ла Скала” дуурийн театрын удирдаач Стефано Салватори “Э.Амартүшин бол үнэхээр гайхамшигтай хоолойтой авьяастан. Сонгодог урлагийн “Элчин сайд” гэж хэлмээр байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Дэлхийн алдартай аринуудаас гадна Монголын Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Билэгжаргалын “Ламба гуайн нулимс” дуурийн Лодонгийн ари, Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Тэмүүжиний ари, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Чиний минь нулимс”романсыг сонордуулах ажээ.


Түүний багш, Монгол улсын гавьяат багш Ц.Ерөөтэй ярилцлаа.

-Таны шавь Э.Амартүвшин эх орондоо анхны тоглолтоо хийх гэж байна. Дуучин Э.Амартүвшинг хэрхэн шавиа болгож байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Анх 2004 оны эхээр Монголын хүүхдийн ордонд “Дуулахуй” нэртэй уралдаан болж, би шүүгчээр ажилласан юм. Тэр уралдаанд Амараа маань 9 дүгээр ангид байхдаа оролцсон санагдана. Тухайн үед Амараа байр эзлээгүй л дээ. Уралдаанд оролцсон хүүхэд бүрт бэлэг өгч, би Амараад бэлэг өгсөн юм. Бондойсон хүүхэд байсан.

“Чи дуулах дуртай юу” гэсэн “Дуулах дуртай” гэж байна. Тэгээд би “Дуучин болох хүсэлтэй бол 10 дугаар ангиа төгсөөд над дээр ирж болно” гээд утсаа өгөв. Тэгсэн 3 сарын дараагаар Э.Амартүвшингийн аав залгаж байна. Аав нь “Манай хүү дуучин болно гэнэ. Та өөрийнхөө утасны дугаараа өгсөн байна” гэж холбогдож байлаа.

Э.Амартүвшин надтай таван жил хичээллэж, Соёл урлагийн их сургуулийг төгссөн. Сургуулиа төгссөний дараагаар 2009 оны долдугаар сарын 1-ний өдөр ДБЭТ-ын дарга Б.Сэргэлэн даргад хүлээлгэн өгч байсан юм.

-Шавийг тань авьяастай уран бүтээлч гэдгийг ард түмэн мэднэ. Дуучин Э.Амартүвшин хувь хүн талаасаа ямар хүн бэ?

-Энэ хугацаанд гадаад дотоодын олон тэмцээнд цөөнгүй амжилт гаргасан. Дэлхийн амжилттай дуучны нэг болсонд шавиараа их бахархдаг. Би шавиа оюутан байхад нь уралдаануудад сорьж эхэлсэн. Өөрөө ч их сайхан хоолойтой, авьяастай хөдөлмөрч, мэргэжилдээ их хайртай хүн л дээ.

Анхнаасаа их хичээмтгий, алдаагаа хурдан засдаг, хариуцлагатай, зорьсон ажлаа заавал дуусгадаг хүүхэд байсан. Энэ зан чанар нь ч өдий зэрэгтэй яваад нь нөлөөлсөн байх. Ер нь шавь минь надад бурхнаас ирсэн бэлэг юм. Дуучин мэргэжил их сайхан мэргэжил. Монгол хүн ямар ч салбарт хичээж чадвал зорьсондоо хүрч чаддагийн нэгэн жишээ гэж боддог. Монголчууд үнэхээр авьяастай хүмүүс юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж