Санан дурсахын утга учир

Хуучирсан мэдээ: 2016.05.09-нд нийтлэгдсэн

Санан дурсахын утга учир

Берлин хотын Трептев цэцэрлэг дэх дурсгалын цогцолборын  “Чөлөөгч дайчин” гэх хөшөө

Фашист Германы булаан эзэлсэн  улс орныг чөлөөлж, тэдний хотуудыг сэргээн босгож, санхүүгийн болон материаллаг тусламж үзүүлсэн нь хэн ч  шинээр бичин гуйвуулах ёсгүй түүхийн хэрэг юм.

Зөвлөлт Холбоот улс Эх орны дайныг асар их хохиролтойгоор дуусгасан юм. Дайны сүүдэрт Зөвлөлтийн 26,6 сая иргэн амиа алдсан юм. Зөвлөлтийн хүн ам дайны өмнөх төвшинд  зөвхөн 30 жилийн дараа л эргэн орсон байна.

Зөвлөлтйн 1700 хот, 70 мянган тосгон, суурин, 32 мянган үйлдвэр  эвдэрч сүйрчээ. Дайны ерөнхий хохирол нь Зөвлөлтийн үндэсний баялгийн 30 хувьтай тэнцсэн гэж үздэг.

Зөвлөлтөд эдийн засгийн тусламж хэн нэгнээс илүүтэйгээр хэрэгтэй  байлаа. Нюренбергийн  шүүх дээр сонсогдсон мэдээгээр,  Зөвлөлтийн материаллаг хохирол 674 тэрбум рубль болжээ. Үүний хажуугаар 1946-1947 онуудад тус оронд гантай байсны улмаас өлсгөлөн нүүрлэв. Түүний үнэлгээ өнөөдөр ч гараагүй ба 200 мянгаас 1,5 сая хүн үрэгдсэн гэх мэдээ байдаг.

 “Маршалын  төлөвлөгөөнөөс” өмнөх Европын сэргээн босголт

Бодит байдал дээр ЗХУ нь хүний хохирол, эвдэрч сүйрсэн дэд бүтцээр, санхүүгийн боломжоор АНУ-аас  хамаагүй хүнд нөхцөлд байлаа. 

Байдал ийм байсан ч 1947 онд зарлагдаад 1948 оноос хэрэгжиж эхэлсэн “Маршалын төлөвлөгөөнөөс” өмнө дайны сүүлийн жил болон дараах жилүүдэд нь Зөвлөлт  Зүүн Европт ихээхэн тусламж үзүүлжээ.

Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээг Зөвлөлт  дайн дуусахаас өмнө Чехословактай (1943. 12.12), Югославтай (1945.04.11), Польштой (1945.04.21) байгуулсан байсныг хэлэх хэрэгтэй байх. 

Гитлерийн Германы холбоотнуудтай найрамдлын гэрээг  1948 онд баталсны дараа Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээг  Румынтай (хоёрдугаар сарын 4-нд), Унгартай (хоёрдугаар сарын18), Болгартай (гуравдугаар сарын 18) тус тус байгуулжээ.

Польш

Варшав, 1946 оны дөрөвдүгээр сар

Дайны явцад Польш зургаан сая хүнээ буюу хүн амныхаа 22 хувийг алдсан бөгөөд аж үйлдвэрийнх нь 70 хувь сүйрсэн юм. Варшав зэрэг олон хотууд нуран балгас болсон юм.
Армийнхаа шугамаар Зөвлөлт 1945 онд Польшийг сэргээн босгоход  мэдэгдэхүйц хэмжээний материаллаг тусламжийг үзүүлж эхэлжээ. Зөвлөлтийн арми нь Германыг чөлөөлөхөөс өмнө Польшийг сэргээн босгох ажилд орсон юм.

Зөвлөлтийн арми, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Польшийн төмөр замын 8000 км замыг , 100 том, 200  дунд зэргийн 1000 бага гүүрнүүд, галт тэрэгний 63 станц, 97 мянган км холбооны шугамыг сэргээжээ.

Зөвлөлтийн цэрэг олзлон авсан 1987 уурын тэрэгний зүтгүүрийг  Польшид  дамжуулан өгсөн нь дайны өмнөх үеийн зүтгүүрийн тооноос хоёр дахин тоо юм.

Варшав хотыг сэргээн босгосон түүхийг тусд нь авч үзэх ёстой болов уу. 1945 оны эх гэхэд Варшав хотын 85 хувь нь балгас байсан гэх үнэлгээ бий. Хотын аж үйлдвэр, дэд бүтцийн 90 хувь, орон сууцны 7 хувь нь сүйрсэн байлаа.

Варшав хотыг сэргээн босгоход Społeczny Fundusz Odbudowy Stolicy гэдэг олон нийтийн сангийн цуглуулсан хөрөнгө чухал байсан гэх нэгэн төөрөгдөл их газар авсан. Үнэндээ хотыг сэргээн босгоход Зөвлөлтийн тусламж чухал үүрэг гүйцэтгэжээ.

Варшав хотыг Белорусийн нэгдүгээр фронт, Украины нэгдүгээр фронт, Польшийн нэгдүгээр арми  чөлөөлсний дараагийн долоо хоногт  хотыг сэргээн босгох сан байгуулагдсан байв.
Сан ажиллаж эхэлснээс хойш хагас жилийн дараа хотын төвийн нурангиудыг цэвэрлэн зайлуулсан юм. Зөвлөлтийн цэргийнхэн, нутгийн иргэдийн зүгээс ирж байсан хөрөнгөөр  700 мянган балгас нурангийг зайлуулсан аж.

Архивын мэдээний дагуу  хотыг чөлөөлсний дараа хүн амных нь  хооллолтыг зохион байгуулсан байна.  Варшавт  буцалтгүй тусламжийн үр тариа, хүнсний нөөцийн тусламжийг үзүүлсэн байлаа.

Зөвлөлтийн саперууд хоёр сая гаруй байлдааны мина, бөмбөг, сумнаас Варшавыг цэвэрлэсэн юм. Варшав хотын цахилгааны хангамжийг сэргээсний дараа Зөвлөлтөөс  30 троллейбус нийлүүлэгдэж, хотын зүүн эргийн нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулжээ.
Варшав хотын уран барилгын  төрхийг сэргээх ажиллагаа нь Польшийн уран барилгач Ян Захватовичийн удирдлага дор явагдсан юм.  Тэр өөрийн цагтаа Петербургийн иргэний инженерүүдийн  дээд сургуулийг дүүргэжээ.

Ленинградын уран барилгачидтай хамтран 1945–1950 онуудад  Варшав хотын түүхэн  төрхийг бүтээн сэргээн асар их өргөн хүрээтэй, зардал ихтэй ажлыг хэсэгчлэн төгсгөсөн байна. Үүний тулд Зөвлөлтийн архивуудад тэр үед байсан баримтуудыг ашиглажээ. 

Варшав хотыг сэргээн босгосон туршлага нь дэлхийн нийгэмлэгээр үнэлэгдэж 1980 онд хотын хуучин хэсгийг ЮНЕСКО дэлхийн соёлын өв болгон авчээ.  Хотыг сэргээх захиргааны архивуудыг  хүн төрөлхтний түүхийн баримтат өвийн үнэтэй жишиг гэж үнэлэн “Дэлхийн дурсгал” олон улсын хөтөлбөрийн жагсаалтад 2011 онд оруулан бүртгэжээ.

Нэмэн хэлэхэд 1947 оны гантай холбоотойгоор Зөвлөлтөөс  Польшид хүмүүнлэгийн тусламж болгон хэдэн мянган тоон үр тариа, хүнс илгээсэн юм. Тэр тус оронд өлсгөлөнг гаргасангүй.


Чехословак

Дайны дараах Чехословакийн аж үйлдвэрлэл дайны өмнөх үеийнхээс  50 хувиар бага байлаа. Чулуун нүүрс олборт 1937 оныхоос 1945 оны тавдугаар сард 68 хувиар, ширэм хайлуулалт 29 хувиар, болд  хайлуулалт 36 хувиар  тус тус буурсан байлаа.

Европын олон орнууд шиг Чехословакт  ажлын хүчин, түүхий эд, түлшний хомсдолтой байлаа. Дайны явцад  тус улсын  галт тэрэгний зүтгүүрийн 50 хувийг, төмөр замын ачааны вагонуудын гуравны хоёрыг нь устгажээ. Зарим үнэлгээгээр Чехословакийн булаан эзлэлтээс хохирсон нийт хэмжээ нь 400 тэрбум крон болсон гэдэг.

ЗХУ-ын Гадаад хэргийн яамны сайд В. М. Молотовт 1948 оны арванхоёрдугаар сарын 1-нд ирүүлсэн илтгэлийн зурваст, Чехословакийн  1946–1948  онуудын хоёр жилийн төлөвлөгөө ерөнхийдөө биелэгдсэн ч “хүнсний бүтээгдэхүүн ихээр авсан” мөн “хангамжийн асуудал хүндрэлтэй” гэж дурдсан байв.  Үүний зэрэгцээ Европын олон орнуудыг хамарсан 1947 оны ган гачиг нь Чехословакийн үр тарианы 40 хувийг, төмс, сахрын, улаан манжингийн 50 хувийг тус тус устгасан юм. "Чехословакийн 1947 оны ургацгүй жил нь тус орны хэдэн жилийн бэрхшээлд  оруулах үр дагавартай байв”. Ургацаа алдсаны хохирлын хэмжээ нь 13 тэрбум ч/с крон хүрсэн түүхтэй. Зөвхөн Зөвлөлтийн тусламжтайгаар тус орон хүнсний хямралаас салж, ноцтой алдагдалгүйгээр өнгөрчээ.


Румын

Румыны аж үйлдвэрлэл нь 1946 оны эхээр, 1938 оны төвшний дөнгөж 48 хувьд хүрчээ. 

Румын, зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хамтарсан хүчин чармайлтаар 1945 оны дөрөвдүгээр сар гэхэд 1450 нефтийн цооногийн 1217-г  сэргээж чадсан нь нефть олборлолтыг нь мэдэгдэхүйц нэмэгдүүллээ. ЗХУ-аас Румынд 300 мянган тонн үр тариа нийлүүлсэн бөгөөд дайны төлбөр болгон Зөвлөлт авах ёстой байсан немецийн эд хөрөнгийн ихэнхийг Румынд шилжүүлсэн юм.

Москвад зөвлөлт-румыны  эдийн засгийн хамтын ажиллагаа ба харилцан бараа нийлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. 
 


ЭЗХТЗ-ийг байгуулсан нь

Эдийн засгийн харилцан туслах зөвлөлийг Болгар, Унгар, Польш, Румын, Зөвлөлт, Чехославак зэрэг орнууд 1949 онд Москвад хийсэн олон улсын эдийн засгийн зөвлөгөөний үеэр байгуулжээ. Хожим түүнд нь Албани, Вьетнам, БНАГУ, Куба, Монгол нэгдсэн юм. Тус байгууллагын төв байр нь Москвад байрлаж байлаа.

ЭЗХТЗ нь үйл ажиллагааныхаа эхэнд социалист орнуудын худалдааг хөгжүүлэхэд хүчин  чармайлтаа чиглүүлэв.   
 


Зүүн Европ Барууны эсрэг

Баруун ба Зүүн Европын интеграцийн төслүүдийг  өнгөцхөн дүгнээд үзэхэд, 1957 онд Европын эдийн засгийн нийгэмлэгийг байгуулсан  барууны орнуудынх эдийн засгийн хувьд илүү амжилттай байсан нь шууд харагдана. Аж үйлдвэрийн өндөр хөгжил, бүс нутгийг зээлжүүлэх АНУ-ын  илүү боломж, зах зээлийн интеграцийн амжилт зэргийн олон  хүчин зүйл энд нөлөөлсөн гэж болно.

Нөгөө талаасаа Зүүн Европын  Эдийн  засгийн харилцан туслах зөвлөл-СЭВ-ийн эвсэл цаг үеийн  туршилт, шалгалтыг давж чадаагүй нь баримт юм. Улс орнуудыг сэргээн босгох үйл ажиллагааг нь эдгээр орнуудын эдийн засгийг капиталист  хэм хэмжээнээс социалист болгохтой зэрэгцэн хийв.

Зүүн Европын хүн амын менталитетийг  “барууныхаас” “зүүний” (зөвлөлтийн тал)  болгох  илүү хүндрэлтэй, ер нь бүтэхээргүй үүрэг нь Зүүн Европын өрсөлдөөнийг  нэмэгдүүлэхэд тус болсонгүй. Зүүн Европын орнуудад зөвлөлтийн явуулсан  интеграцийн загвар нь “органик  биш интеграци” байсныг орчин  цагийн судлаачдын нэг унгар профессор Ференц Газдаг тэмдэглэв.  Нэг үгээр, бүс нутгийн амьдралын  өмнөх нийгэм, улс төр, эдийн засгийн хэм хэмжээнд  харийн болох үзэл санааг тулгасан явдал байлаа. 

Бүс нутгийн эдийн засгийн хөгжил дорой, дэлхийн хоёрдугаар дайны дараах дэлхийн зээлдүүлэгч бөгөөд үйлдвэр нь болсон АНУ-тай харьцуулахад Зөвлөлтийн боломж ихээхэн хязгаарлагдмал байсныг тооцох аваас Зүүн Европ дахь Зөвлөлтийн хийсэн  интеграци нь баруун Европтой яагаад өрсөлдөж чадаагүй нь ойлгомжтой.

ЗХУ-ын  төлөвлөгөөнд шинэ   бие даасан  өөрийн хангалттай амьдрал бүхий бүсийг Зүүн Европт байгуулах эсвэл Зөвлөлтөд  маш  амжилттай эдийн засаг бүтээх  санаа эхнээсээ байсангүй. Зөвлөлт ба Европ  балгас болсон байлаа.

Зүүн Европ нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа түүнийг Германаас тусгаарласан орон зай болон ЗХУ-ын онцгой сонирхлын бүсэд багтсан юм. Зөвлөлт  холбоот улсад өөрт нь дайны дараа байдал хүнд байсан ч Зүүн европын орнуудад  мэдэгдэхүйц, материал, эдийн засгийн тусламжийг дайны дараах бүтээн босголтод нь зориулан олгожээ.
 


Түүхэн дурсамж

Өнөөдөр бодит баримтууд байгаа ч Зөвлөлтийг залгамжлагч Оросыг “муутган буруутгах”  эрмэлзлийн хүрээнд баримтуудыг үгүйсгэх оролдлого дэлхийн янз бүрийн оронд  үргэлжилж байна.

Байлдааны ажиллагаа ба хөдөлмөрийн фронтын  амьд үлдсэн хүмүүсийн тоо жилээс жилд буурч  байгаатай холбоотойгоор Европын орнуудыг фашизмаас чөлөөлсөн, сэргээн босгосон хэрэг явдал нь мартагдах ёсгүй.

Архивын баримтуудтай  танилцах боломжийн нэг болсон “Ялалтын  штабуудад.  1941–1945 онууд” нэртэй түүхэн баримтуудын үзэсгэлэнг Москвагийн  “Новый  Манеж” нэртэй улсын үзэсгэлэнгийн  танхимд Оросын  холбооны архивын агентлаг, Москва хотын соёлын газар, Музей үзэсгэлэнгийн “Манеж” нэгдэл, Нийгэм, соёлын Оросын  улсын архив, Оросын түүхийн нийгэмлэг  хамтран  гаргажээ.

 Австрид тусламж үзүүлэх тухай

Вена хотыг хүнсээр хангах тухай, 1945 он.

Будапешт хотын байдлын тухай

Будапешт хотыг хүнсээр хангах тухай, 1945 он.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж