Оюутолгойн далд уурхайн нээлт ба олон тэрбумын зээл

Хуучирсан мэдээ: 2016.05.09-нд нийтлэгдсэн

Оюутолгойн далд уурхайн нээлт ба олон тэрбумын зээл

Оюутолгойн ордын далд уурхайн төслийг баталсны баяраа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч амралтын өдрөөр уурхайд очиж тэмдэглэлээ. Тэрбээр өмнө нь далд уурхайг санхүүжүүлэх зээл авахаар болсны баярыг, мөн зээл орж ирсний баярыг тус тус тэмдэглэж, “Оюутолгой төсөл улс төрийн сэдэв биш бизнесийн сонгодог төсөл боллоо” гэдэг санааг энэ удаагийнх шигээ давтан давтан сануулж байлаа.

Тэгвэл олон жилийн турш улстөржилтийн сэдэв болж ирсэн уг орд яагаад “бизнесийн төсөл” болж хувирсныг юуны өмнө сануулах нь зүйтэй болов уу. Оюутолгойн орд одоогийн байдлаар зөвхөн ил уурхайн олборлолт явуулж буй бөгөөд нийт агуулгын 80 орчим хувь нь далд уурхайн аргаар ашиглагдах бололцоотой гэж үздэг. Далд уурхайгаар ашиглах тэрхүү 80 хувийн нөөцийг дөрвөн хэсэгт хуваадаг ба Хьюго Норт-1, Хьюго Норт-2, Херуга, Хьюго Саус гэж тус тус нэрлэдэг.

Эхний ээлжинд Хьюго Норт-1 далд уурхайг ашиглалтад оруулах ба үүнд шаардагдах 4.4 тэрбум ам.долларыг олон улсын 15 арилжааны банкнаас зээлээр аваад байгаа юм. Өнгөрөгч бямба гаригт Оюутолгойн уурхайд тэмдэглэсэн баярын үеэр уг ордыг Монголын Засгийн газартай хамтран эзэмшигч “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьяан Жак хэлэхдээ гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын хэмжээг хувь нийлүүлэгч талууд 5.3 тэрбум ам.доллараар баталсан гэдгийг дурджээ. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах 4.4 тэрбум ам.долларын арилжааны зээлийн санхүүжилтийг цаашид 6 тэрбумд хүргэн нэмэлт санхүүжилт авах бололцоотой гэж талууд тооцоолж байгаа аж. Оюутолгойн төсөл эхэлснээсээ хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулсан ба үүний 7.5 тэрбум ам.долларыг нь Монголын Засгийн газар хувь нийлүүлэгчийн зээл хэлбэрээр “Рио Тинто” компаниас аваад байгаа юм. Харин одоо Монголын Засгийн газар 34 хувийг нь эзэмшдэг Оюутолгой компани ганц Рио Тинтогоос зээлтэй байсан бол нэмээд 15 банкинд зээлтэй болж баймааж нь далд уурхайн нээлтээ хийж байгаа хэрэг юм. Цаашид Оюутолгой компани зээлийн асуудлаар Рио Тинтотой төдийгүй 15 банктай ярилцах болно. Тэр зээлийг олж ирснээрээ Рио Тинто л тэр банкуудтайгаа учраа олно биз гэж хэлэх эрх байхгүй. Яагаад гэвэл тэдгээрт Монголын Оюутолгой ордын лицензүүд барьцаалагдсан байгаа. Улаанбаатарт, цаашлаад уурхайд удирдагчид маань баярын хундага тулгах тэр мөчөөс эхлэн бид өмнөхөөс хүнд нөхцөл рүү орж байгаагаа санууштай. Рио өмнө нь “хувь нийлүүлэгчийн” гэх 7.5 тэрбум ам.долларын зээлийг дан биш “давхар дээл”-тэй өгөөд байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ зээл 6.5% + libor хүүтэйгээр Оюутолгой компанид олгогдсон. Цаашид далд уурхайн бүтээн байгуулалтад зориулах 4.4 тэрбум ам.долларын зээлийг бүтнээр нь дансандаа оруулсан Рио дараа дараагийн жилүүдийн зардлыг цувуулан гаргахдаа Оюутолгойд өмнөхийн адил 6.5% + libor хүүтэйгээр зээлдүүлэх юм. Уг нь арилжааны банкуудаас авсан зээл дунджаар 3.78%+ libor хүүтэйгээр олгогдсон.

Өнөөдөр дарга нар маань ёслол төгөлдөр нээж буй далд уурхайн бүтээн байгуулалтын ард ямархуу дагалдах нөхцөл үүсч байгааг бид мэдэх ёстой юм. Дэлхийн зах зээл, түүхий эдийн үнэ хэцүүхэн байгаа энэ үед 4.4 тэрбум ам.долларын зээл босгож, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх амаргүй ажил гэдэг нь мэдээж. Мөн хамтрагчийнхаа ачааллыг бодолцох нь ч зөв байсан байх. Хамгийн гол нь Оюутолгой хөдөлгөөнд орж, үүнийг даган ханган нийлүүлэгч компаниудын ажил үйлчилгээ, ашиг орлого нэмэгдэх нь эдийн засагт дам нөлөөтэй учраас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг баярлах нь ч зөв байх. Гэхдээ энэ бүхэн төлөөстэйг мартах учиргүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж