Хархоринд эртний сүмийн үлдэцээр ил үзмэр байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.09-нд нийтлэгдсэн

Хархоринд эртний сүмийн үлдэцээр ил үзмэр байгуулжээ

Өвөрхангай аймгийн Хархорин суманд тавдугаар сарын наймны өдөр эртний “Их Монгол” улсын нийслэл Хархорум хотын “Цогт их асар” сүмийн археологийн үлдэцийг хамгаалах, ил үзмэр болгох төслийн үр дүнг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө. Энэ нь Монгол улс, Холбооны бүгд найрамдах Герман улсын ерөнхийлөгчдийн ивээл дор хоёр улсын Засгийн газар хоорондын соёлын болон археологийн малтлага судалгааны урт хугацааны тууштай хамтын ажиллагааны нэг томоохон үр дүн юм.

Ёслолын арга хэмжээнд Монголын талаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, ХБНГУ-ын талаас Монгол улсад суугаа элчин сайд Герхард Тийдеманн, Германы археологийн хүрээлэнгийн эрдэмтэн доктор Ханс-Георг Хьюттел, Монгол-Германы хамтарсан “Хархорум экспедици” төслийн удирдагч доктор, профессор хатагтай Кристина Франкен, док, профессор У.Эрдэнэбат, Хархорин сумын Засаг дарга Л.Энхбат болон орон нутгийн соёлын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

ХБНГУ-ын Гадаад хэргийн яам, Герда Хенкель сан, Германы Археологийн хүрээлэн, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны санхүүжилтээр “Цогт их асар” сүмийн барилгын археологийн үлдцийг хамгаалахын зэрэгцээ археологийн судалгаан дээр үндэслэн тавцангийн хана ба түүн дээр гарч буух шатыг ЮНЕСКО-гийн стандартын дагуу дахин сэргээн босгожээ.

Монгол-Герман хамтарсан Хархорум экспедицийн сүүлийн 20-иод жил Хархорум хот орчимд хийсэн малтлага судалгаа монголчуудын байгуулсан эзэнт гүрний нийслэл алдарт Хархорумын түүхийн талаарх эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн олон асуудал, эх сурвалжийн мэдээллийг тодруулж, Их Монгол улсын нийслэлд байсан суурьшлын олон үе шатны дэс дарааллыг тодорхойлох боломж олгосноороо Төв Азийн нүүдэлчдийн хотжил суурьшлын түүх, археологийн судалгаанд үнэтэй байр суурь эзэлж байна

БСШУЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж