Бразилийн төмрийн хүдрийн магнат “Вале” өнгөрсөн долоо хоногт Африкийн
Мозамбект эзэмшдэг “Мoatize”
нүүрсний ордынхоо бүтээмжийн төлөвлөгөөг 76 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэснээ
мэдэгджээ. Тус компанийн төлөвлөгөөгөөр бол уг ордоос энэ жил 850 мянган тонн
нүүрс олборлох байсан юм. “Вале”-гийн тооцоолж буйгаар 2012 онд уг ордоос 6.3
сая тонн нүүрс олборлох бөгөөд үүний дийлэнх хэсэг нь коксжих нүүрс байх ажээ.
“Вале” ордын олборлолтыг хоёр үе шаттайгаар явуулах юм. Нэгдүгээр ээлжинд
олборлолтын хэмжээг 11 сая тоннд хүргэх бөгөөд хоёрдугаар үед жилд 22 сая тонн
нүүрсний бүтээмжтэй ажиллах ажээ. Хоёр дахь шат нь 2014 оноос эхлэх юм. Олборлох
нүүрсний 75 хувь нь гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрс
байх юм. “Moatize” ордыг 2046 он гэхэд
ашиглаж дуусах бөгөөд үндсэндээ 954 сая тонн нөөцтэйгээс 422 сая тонн нь
батлагдсан нөөц гэж “Вале” мэдээлжээ.
Б.Төгс