Сонгуулийн тогтолцоог нэг мандаттай 76 тойрог болгож хуульчилсан ч хэн, хэрхэн сонгуульд орох үйл явц дуусаагүй л байна. Үндсэн хуулийн цэцээс түдгэлзүүлж, УИХ-аар хүлээн авсан жагсаалтын /пропорциональ/ 28 мандатын хэдийг нь нийслэлд, хэдийг нь аймагт шилжүүлэхээ тэд энэ долоо хоногт эцэслэнэ.
Сарын өмнөх байр сууриар бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг жагсаалтаас тойрог руу шилжин ирэх 28 мандатын 14-ийг Улаанбаатар хотод, үлдсэнийг аймгуудад хуваарилах нь зөв хэмээн үзсэн бол УИХ дахь МАН-ын бүлэг ердөө найман мандатыг нийслэлд, 20-ыг орон нутагт шилжүүлэх ёстой гэж үзсэн юм. Үүгээр бол хоёр тал нэгдсэн ойлголцолд хүрэхэд амаргүй харагдах ч өнгөрсөн хоногуудад хоёр Энхболдын хоршоо улс төр юунд хүрснийг дурдахгүй өнгөрч болохгүй.
Дөрвөн жилийн турш шахам “Шударга ёс” эвслийн бүлэгт найр тавин ажилласан атлаа УИХ-ын сонгууль болохоос 50 гаруйхан хоногийн өмнө татан буулгасан нь Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаа зассан хэрэг гэх. Нэг мандаттай 76 тойргийг ногоон гэрлээр гаргах нь хоёр том намын хэн, хэнийх нь эрх ашигт нийцсэн учраас завсарлагад цаг алдахгүйн тулд эвслийн бүлгийг тараах нь чухал байсан бололтой. Цаашлаад эмэгтэйчүүдийн квотыг бууруулах нь мөн л эрх ашигтай нь холбоотой тул хоёр талаасаа балиашигласаар 20 хувиар тогтоосон гэх. Квот буурснаар 76 мандатын 15-д нь эмэгтэйчүүд нэр дэвших боллоо. Хэрвээ Сонгуулийн тухай хуульд заасанчлан эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиар хэвээр үлдээсэн бол 76 мандатын 23-д эмэгтэй нэр дэвшигчийг сойх үүргийг хуулиар хүлээх байсан юм.
Бусад нам эвслүүдтэй харьцуулахад хоёр том намд хамгийн олон эмэгтэй нэр дэвшигч сойх бололцоо бий. Харамсалтай нь, энэ боломжийг квотоор хязгаарласнаараа, мөн пропорциональ тогтолцоог халснаараа хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүд сонгогдох боломжийг боомилж, эрэгтэй нэр дэвшигчид илүүтэй сонгогдох боломжийг л олгоод байна.
Одоо хоёр Энхболд 28 мандатаа эв найртай шийдчихвэл шүдний өвчин болж байсан асуудлынхаа нэлээдээс салаад авна. Тухайлбал, УИХ-ын сонгууль нэг мандаттай 76 тойрогт зохион байгуулагдах учраас намын нэрсийн жагсаалтад бичигдэхээр өдөр шөнөгүй зовоож байсан горилогчид нь намба заагаад эхэлжээ.
Сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр улс төрийн нам эвслүүд тавдугаар сарын 23-наас эхлэн тав хоногт багтаан УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах бол сонгуулийн хороодыг санал хураахаас 37 хоногийн өмнө байгуулах үүргийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээж буй. Үүнийг дагуулаад сонгуульд өрсөлдөх нам, эвсэл, бие даагчид нь сонгуулийн хороодод ажиллах төлөөллийн хүмүүсээ тогтоно.
Хоёр том намд сонгуулийн хороодод ажиллах хүмүүс нь бэлэн, хороо цэрэг жагсаах хэмжээний нөөц бий бол жижиг намууд хүний эрэлд гарах болж байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Г.Уянга “Хоёр том намын сонгуулийн хороонд ажиллах хүмүүс нь бэлэн л байдаг биз. Жижиг намууд бэлтгэл хангаж амжихгүйгээр сонгуульд орох боллоо” гэдэг нь цагийг нь тулгаж Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь жижиг намуудад бэлтгэл хангах бололцоог олгохгүй болохыг харуулж буй.
Харин хоёр Энхболдын хараахан хувааж амжаагүй байгаа 28 тойрог хэчнээн бие даагчийг хөдөлгөөнд оруулах бол.
Тандалтаар тойрогт шилжин ирэх 28-ыг 16х12, 18х10 гэсэн харьцааны аль нэгээр тохиролцсон байж мэдэх нь. Эдгээр хувилбарууд УИХ дахь намын бүлгүүдээр хэлэлцэгдэж байж эцэслэгдэнэ. Хэрвээ 16х12 хувилбар дээр талууд санал нэгдвэл орон нутагт 16 мандат, нийслэлд 12 мандат хуваарилагдана, 18х10 –аар тогтвол аймагт 18 мандат, 10 нь нийслэлд шилжиж ирэх юм байна. Гэхдээ Ардчилсан намд нийслэлийн сонгогчид ээлтэй, Ардын намынханд хөдөөгийн сонгогчид талтай байдаг учраас хэн, хэнийхээ эрх ашгийг хүндэтгээд 28-ыг тэнцүү хуваах хувилбарыг ч сонгохыг үгүйсгэх аргагүй. Ямартай ч сонгууль ямар тогтолцоогоор хэрхэн явах нь тодорхой боллоо.