Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг энэ сарын зургаанд эхэлсэн. Тэгвэл энэ ажил өчигдөр албан ёсоор өндөрлөлөө.
Улаанбурхан өвчний вакцинжуулалт энэ долоо хоногийн пүрэв гаригаас эхлэх гэж байна. Улаанбурхнаар өвчлөгсдийн дунд 18-30 насныхан, тэр дундаа оюутнууд зонхилж буй учраас Засгийн газраас хөрөнгө гаргаж, дээрх насныхныг вакцинд хамруулахаар болсон. Засгийн газар 948.3 сая төгрөгийн төсөвт өртгөөр 650 мянган хүн тун вакцин аваад байгаа юм.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан өнгөрсөн баасан гаригт болж, шинэ долоо хоногт УИХ болон байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг гаргасан байна. Үүнд Эрүүл мэнд, спортын сайдыг томилох, чөлөөлөх тухай багтжээ.
Долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо АСЕМ-ийн өндөр дээд түвшний уулзалтууд болно. Энэ хүрээнд нийслэл хот өнгө засаж, гудамж талбайн тохижилтоо эхлүүлжээ. Эхний ээлжид зочид ихээр зорчдог 13 гудамжийг тохижуулахаар ажил эхэлсэн байна. Чингисийн өргөн чөлөө буюу 120-ийн уулзвар, Олимпийн гудамж, Гэндэнгийн гудамж буюу Хуримын ордны урд тал, Үндэсний соёл, амралтын хүрээлэнг тойрсон зам гэх мэтчилэн үргэлжлэх юм.
АНУ-ын Дес Плэйнс хотод 35 настай монгол эмэгтэй сураггүй болсон талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацсан билээ. Сар орчмын өмнөөс эмэгтэйн сураг тасарч, эрэн хайх ажиллагааг АНУ даяар өрнүүлсээр байгаа аж.
Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилт батлагдаж, гүний уурхайн бүтээн байгуулалт өнгөрсөн долоо хоногт эхэллээ. Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ ёслолын арга хэмжээнд Рио Тинто компанийн гүйцэтгэх захирлаар саяхан томилогдсон Жан Себастьян Жакийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье гээд түүнийг энэ ажилд томилогдсон нь Монголд ажиллаж байсан туршлагатай хүнийх нь хувьд Монгол Улс, Рио Тинтогийн түншлэлийг улам бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэлээ.
48 кг-ын жингийн "Рио-2016" олимпийн эрхийн шийдвэрлэх барилдаанд ОУХМ Э.Нарангэрэл Польшийн И.Матковскатай барилдсан ч оноогоор цэвэр ялагдлаа. Барилдааны эхэнд шүүгч Польшийн бөхийг идэвх муу гэж торгосон ч манай бөх энэ боломжийг ашиглаж чадсангүй. Эхний үеийг 4:0-оор Матковска илүүрхсэн. Хоёрдугаар үед манай бөх хөлд орох гэж ээлж дараалан оролдон оноо алдсаар цэвэр/12-2/ ялагдлаа.