Шивэгчнээс өрлөг эх, Гамлетаас Лоренцо лам хүртэл…

Хуучирсан мэдээ: 2016.05.09-нд нийтлэгдсэн

Шивэгчнээс өрлөг эх, Гамлетаас Лоренцо лам хүртэл…

Театрт зөвхөн бурхад л цугладаг юм. В.Высоцкий

Грекийн домогт өгүүлэх ариун дагшин охин тэнгэрийн нэрээр нэрлэгдсэн “Гэгээн муза 13” олон улсын театрын их наадам өнгөрөгч бямба гарагт шилдгүүдээ тодруулсан юм.

Энэ жилийн Гэгээн муза наадамд оролцож буй уран бүтээлчдийн хувцаслалт, биеэ авч явж буй байдлыг харахад улаан хивсний ёслолд хүндэтгэлтэй хандаж буй нь илт байлаа. Театрын наадмын улаан хивсэн дээр ганган хээнцэр даашинзтай, ёслолын хар хослолтой уран бүтээлчид алхах аж. Харин ӨМӨЗО-ны Зүүн Сүнэд хошууны Улаан мөчир театрынхан үндэсний дээлээр гоёсон харагдав. Энэхүү улаан хивсний ёслолыг харсан хэн бүхэнд Гэгээн муза наадам жилээс жилд чанаржиж байгааг илтгэх биз ээ.

Уг наадам нь үзэгчид болон мэргэжлийн салбарынхны дунд ч хүлээлт үүсгэсээр ирсэн. Урьд урьдны жилүүдэд шагнал нь нүдээ олохгүй байгааг шүүмжилж байсан бол энэ жил шүүлтийг шударга явуулж, шүүгчдийг ажлаа сайн хийсэн гэж магтах хүн цөөнгүй байв.

“Гэгээн муза 13” наадамд нэг хүний жүжгийн төрөлд хамгийн олон буюу нийт 9 бүтээл нэр дэвшсэн байна. Эдгээрийн таван буюу Орос, Грек, Польш, Герман, Буриадаас нэр дэвшсэн юм. Үүнээс харахад гадны уран бүтээлчид Гэгээн музад ганц хүний жүжгийн төрлөөр хүч түрж байгааг харуулж байна.

Энэ жилийн хөгжимт жүжгийн төрөлд гурван жүжиг өрсөлдсөн бөгөөд түүхэн сэдэвтэй жүжгүүд гэдгээрээ онцлог байв.

Уг наадмаар 2013 онд “Гамлет” жүжгийн Гамлетын дүрээр шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртэж байсан Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ Гэгээн музад 13 удаа нэр дэвшиж, тав дахь алтан цомоо “Ромео Жульетта” жүжгийн Лоренцо ламын дүрээр шилдэг эрэгтэй туслах дүрээр гардан авсан юм.

Харин түүний найз Н.Наранбаатарын найруулсан “Ромео Жульетта” жүжиг уг наадмын Гранприг хүртэж, өөрөө шилдэг найруулагчаар шалгарч мөн тав дахь Гэгээн музагийн эзэн болов. Наадмын Гранпри шагналыг энэ жилээс эхлэн БСШУЯ-ны нэрэмжит болох бөгөөд БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр тайзнаа УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбууд Гранпри шагналыг гардуулан таван сая төгрөгөөр шагнав.

Харин УДЭТ-ын залуу уран бүтээлчид болох “Ромео Жульетта” жүжгийн гол дүр О.Дөлгөөн, Б.Шинэбаяр нар шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүрийн шагналыг анх удаа хүртсэн юм.

Жүжигчин Ж.Оюундарийн хувьд өмнө нь 2013 онд “Эсрэг дурлал” жүжгийн шивэгчний дүрээр шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг авч байсан бол энэ жил “Ромео Жульетта” жүжгийн өрлөг эхийн дүрээр дахин цомын эзэн боллоо.

Мөн УДЭТ-ын шилдэг тайзны зураачаар Д.Ариундэлгэр, Н.Үнэнбат нар шалгарсан юм. Ийн драмын жүжгийн төрлийн нийт долоон номинациас зургааг нь УДЭТ-ын хамт олон хүртжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж