Цагаан дээлт Дамдины хүүд аав ээж нь Сүх, анд нөхөд нь Гоймон баатар, ард түмэн нь Сүхбаатар гэсэн нэр өгсөн. Залуу баатрынхаа олон нэрийг “буюу” хэмээх үгээр холбож “Сүх жанжин буюу Гоймон баатар ирлээ.” гэж болно. Харин “Сүх жанжин ба Гоймон баатар ирлээ.” гэж “ба”-аар холбовол Сүх жанжин Гоймон гэдэг баатартай ирсэн болно. Өөрөөр хэлбэл “ба”-аар хаа хамаагүй хоёр зүйлийг, “буюу”-аар нэг юмны хэд хэдэн нэрийг холбодог учиртай.
Энэ учрыг мэдээгүй нэгэн “Туулай буюу чоно“нэртэй үлгэрийн ном хэвлэжээ. Хэлний хуулийг зөрчсөнөөс болж үлгэр домогт ч гардаггүй туулай чээжтэй, чоно биетэй, эсвэл эсрэгээрээ байж болох гаж амьтантөрж,балчир үрсийн нойрыг хулжаасан гэсэн.
“БА”, “БУЮУ” гэх хоёр үгийн захын утга, үүргийг зааглаж ялгахгүй бол ингэж гаж амьтан үүсэх нь ээ. Иймд хэдэн зүйл нэрлэж байгаагаа нягтлаад “ба”, “буюу”-ын алийг нь хэрэглэхээ сонгож байгаарай.
“Егөөтэй 99 тайлбар” номын “Гаж амьтан төрүүлсэн “буюу”” өгүүллийн хэсгээс