Хааяа болж буй үйл явдал яг өмнө нь болж байсан юм санагдах нь бий. Одоо энэ ингэж хэлнэ гэж таамаглаж байхад яг бодсоноор болдог биз. Үүнийг зарим өмнөх насанд болсон зүйл гэх нь ч бий.
Сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явдлын дэс дарааллыг ажин суухад их танил дүр зураг харагдаад байна. Оймсны дуулианаар өрөвч сэтгэлт монголчуудын сэтгэлзүйгээр тоглож УИХ-д орж ирсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарт парламентад дахин орох гишгүүр нь Н.Энхбаярт бус МАН байгаа болохоор түүнээс нүүр бууруулав.
Урваачаараа улиг болсон Л.Цог ч өнгөрсөн лхагва гаригт "Шударга ёс эвсэл"-ийн бүлгээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдэв. Хугацаа нь тодорхой бус болохоос хэзээ нэгэн цагт болох ёстой зүйл болдгоороо л боллоо. Улмаар Л.Цог Г.Уянгын байгуулсан Тусгаар тогтнол эв нэгдлийн намд элссэн. Үүний дараагаар УИХ-ын гишүүн, тус бүлгийн гишүүн М.Сономпил, Н.Батцэрэг нар АН-д элсэхээр өргөдлөө өгснийг УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд албан ёсоор зарлалаа. Тэрбээр өөрийнхөө албан ёсны фэйсбүүк хуудаснаа тэдний өргөдлийг байршуулав.
Энэ их өөрчлөлт Засгийн газрыг цаашид хэрхэх вэ гэсэн асуултыг зүй ёсоор тавихад хүргэж байна. АН нэгэнтээ 37 гишүүнтэй болж, “Шударга ёс” эвслийн 11-ээс Г.Уянга, Л.Цог, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, М.Сономпил, Н.Батцэрэг нар гарсан болохоор тарааж Засгаас гаргаад, ИЗНН-ын хоёрыг шингээгээд Засгийн газар цааш алхах боломжтой болно. Энэ талаар ирэх өдрүүдэд илүү тодорхой болох болохоор ингээд орхиё.
Ер нь ардчилсан үзэл баримтлалтай гэж зарладаг намууд энэ удаагийн сонгуульд нэгдэж орох нь тодорхой болчихлоо. Энэ талаар М.Энхсайхан, С.Оюун нар ч байр сууриа илэрхийлсэн.
Урьдын адил энэ нэгдэл үзэл санаа, үнэт зүйлсийн нэгдэл бус өөр өөрсдийн өчүүхэн эрх ашгийн огтлолцол болж байна. Ердөө гурван сонгуулийн өмнө ийм явдал болж л байсан.
2004 оны УИХ-ын ээлжит сонгуулиар “Эх орон-Ардчилал” эвсэл, МАХН тэнцүү суудал авсан. Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газарт ажилласан МАХН-ын сайдуудын огцрох өргөдлийг УИХ-аар авч хэлэлцэхэд АН-ын гишүүн М.Энхсайхан, М.Сономпил, Ж.Наранцацралт, Ж.Батхуяг болон АТН-ын дарга Л.Гүндалай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар огцруулахыг дэмжин санал өгснөөр “Эх орон-Ардчилал” эвслийн хамтарсан Их эвслийн Засгийн газар огцорсон. Ингэж АН-ын гишүүн М.Энхсайхан, М.Сономпил, Ж.Наранцацралт, Ж.Батхуяг нар сайдын суудлын төлөө эсрэг кноп дарсан нь Засгийг огцруулахад хүргэж байлаа. Харин Ардчилсан намынхан хөөгөөд явуулсан нөхдөө хашрахгүй одоо эргүүлэн элсүүлж байна. Тухайн үед Ардчилсан нам илүү тодорхой байр суурьтай, тогтсон дүрэм, журамтай байж, хувийн эрх ашгаа дээгүүрт тавьсан М.Энхсайхан тэргүүтнийг хөөж чадсан юм. Хөөгдөгсөд гараад МҮАН-ыг байгуулсан, одоо эргээд ирж байна.
Дээрх шиг түүх одоогоос жил гаруйгийн өмнө бас л давтагдаж байсан. “Давхар дээл”-ийн хуулийг хэрэгжүүлэх МАН-ын бүлгийн санал дэмжигдэж, АН-ын бүлгийн Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт гэсэн дөрвөн гишүүн намынхаа бодлогын эсрэг санал өгч түүх давтагдсан. Харин шагналд нь сайдын суудал авсан.
Ж.Батзандан, О.Магнай нар долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа баларч, амиа хоохойлохын тулд Ардчилсан намд элссэн. Л.Гүндалай ч баригдахын даваан дээр АН-д орж “амь” гарсан түүхтэй.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Г.Уянгын байгуулсан намын “жинхэнэ” эзэн гэгчийн захиа сошиал ертөнцөөр ил болов. Хэдийгээр мэдээллийн үнэн худлыг мэдэхгүй ч уг захианд Х.Баттулга, Г.Уянга нар тус намыг 500 саяар худалдаж авна гэж тохиролцсоноосоо буцаж, луу унжсан тухай бичсэн нь олны анхаарлыг татав. Шоронд хоригдож буй “намын эзэн” гэх нөхөр өөртэй нь ирж уулзахгүй бол өшөө ихийг дэлгэнэ гэжээ.
Ийм хачирхалтай танил зохиомж өнгөрсөн өдрүүдэд өрнөлөө.
Түүхийн хүрд эргэж төөргөөрөө урвасан, шарвасан хүмүүс ч тодорхой болж байна.
Ардчилсан намыг муухай харагдуулдаг үйл явдлуудыг ажаад байхад дандаа л урваж, толгой хорогдохоор ирсэн нөхөд балладаг. Гэтэл тэдэндээ илүү эрх мэдэл өгч, жирийн гишүүдээ тоолгүй орхиж, эцэст нь түүнийхээ үйл лайг эдэлдэг, одоо ч эдэлж л явна.
Ардчилсан намыг засгийн эрхийг хамтран барьсан хугацаанд хамгийн их “гай” авчирсан нөхөд мөнөөх л “татар”-ууд байсан. Хэзээний дуусчихсан байх ёстой төмөр замын асуудал, Тавантолгой гээд өөрсдийг нь муухай харагдуулах ажил намаас бус нам доторх ашиг хэдэн хүнээс л болсон. Тэдэнтэй хариуцлага тооцох тогтолцоо өнөөдөр алга. Ноён урваач, нохой шарваач л гэгч болж байна.
Аль ч үед монголчуудыг хамгийн их доройтуулсан нь өст дайснууд бус дотоодын урвагчид байсаар ирсэн. Тиймээс өөрт оногдсон эрхээрээ хариуцлага тооцоод, мэргэн сонголтоо хийцгээе. Юу дутсан гэж урвагчдыг, увайгүй этгээдүүдийн “тавьсан жүжиг”-ийг ирэх дөрвөн жилд харах захиалга өгөх билээ.
С.Зоригийн нэгэн адил Монгол хүний саруул ухаанд итгэдэг Л.Нарантөгс.