Хөдөлмөрийн яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн/ХБИ/-ий хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Бид дэмжье, та чадна” төслийг хэрэгжүүлж эхэлж байна. Эхний ээлжинд нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 20 киоскыг үнэ төлбөргүй олголоо. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байртай болж байна. Нэг киоск нь 5 сая төгрөгийн өртөгтэй. Түүнд гурвуулаа ажиллана.
Уг хөтөлбөрт хамрагдсан иргэд хүнсний худалдаа, мөн гутал засварын үйл ажиллагаа явуулах аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгай сургалтад хамруулсан учраас дээрх чиглэлээр ажил хөдөлмөр эрхлэхэд бэлтгэгдсэн байна.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан дээрх арга хэмжээнд оролцох үеэрээ “Өнөөдрийн арга хэмжээ маань хувиараа хөдөлмөр эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байртай болгох, амьжиргааг дээшлүүлэх зорилготой юм. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй 99.5 мянган иргэн бий. Нийт хүн амын 3.3 хувийг эзэлдэг эдгээр иргэдийн ажиллах, хөдөлмөрлөх эрхийг хангахад Хөдөлмөрийн яам тодорхой ажлыг хийж байна. Тухайлбал, 2013 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулж 1.3 тэрбум төгрөг зарцуулж 1180 иргэн байнгын болон тусгайлсан ажлын байртай болсон бол 2014 онд 2014 иргэнийг хамруулж 1.7 тэрбум төгрөг зарцуулснаар 1576 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байртай болсон. 2015 онд 2.7 тэрбум төгрөг гаргаж, 3540 иргэн ажлын байртай болсон нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн хөрөнгийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого барьдагтай холбоотой” хэмээн тодотголоо.
Г.ХОРОЛ