С.Одонтуяа: 76 мандатын 15-д эмэгтэйчүүд дэвшинэ

Хуучирсан мэдээ: 2016.05.08-нд нийтлэгдсэн

С.Одонтуяа: 76 мандатын 15-д эмэгтэйчүүд дэвшинэ

УИХ-аас өнгөрсөн пүрэв гаригт Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар эмэгтэйчүүдийн квот буураад байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодрууллаа.


-Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квот 30 хувь байсан бол өчигдөр /өнгөрсөн пүрэв/ гаригт оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 20 хувь болоод буурчихлаа. Квот буурснаар 76 тойрогт хэчнээн эмэгтэй нэр дэвших болов?  

-Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлт нь их халгаатай шийдвэр болсныг сануулахыг хүсэж байна. Пропорциональ 28 Үндсэн хууль зөрчиж байна гэж Цэц үзсэнээр хөгжлийг улс, аймаг, дүүргийн хэмжээнд төлөвлөх боломжгүй болголоо. Нөгөө талдаа улс төрийн нам нь төлөвшдөг, эмэгтэйчүүдээ дэмждэг тогтолцоог үгүй хийлээ.

2012 оны УИХ-ын сонгуулын тогтолцоо дэвшилттэй хэлбэр лүү шилжсэн байсан ч Цэцийн шийдвэртэй холбоотойгоор ухарлаа. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэгдэхэд Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлттэй холбоотой өөрчлөлт орж ирэх юм байх гэтэл нийт сонгуулийн хуулийн том өөрчлөлттэй хэсэг нь ороод ирсэн. Эмэгтэйчүүдийн квот 30 биш 20 хувиар орж ирсэн. Яагаад эмэгтэйчүүдийн квотын хувийг буулгав, 30 хувиар байх ёстой шүү дээ гэдэг шаардлагыг УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг тавихад ажлын хэсгийн гишүүд “30 хувь бол холимог тогтолцоотой үед боломжтой байсан, 76 жижиг тойрог дээр эмэгтэйчүүд та нар өрсөлдөөд ч ялахгүй шүү дээ” гэсэн утгатай тайлбар өгсөн. Өмнөх өдөр нь бүх намын эмэгтэйчүүд энэ асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн.  Дараа нь би чуулганы хуралдааны үеэр “Эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг буулгаж болохгүй. Ажлын хэсгийн төвшинд эмэгтэйчүүдийн квотыг бууруулж 20 хувиар тогтоосон тухай мэдээлэл байна шүү” гэхэд “Эмэгтэй гишүүд та нар ямар хартай юм, бид тийм зүйл яриагүй. Эрэгтэйчүүд тийм арга ядсан зүйл хийхгүй л” гэсэн. Гэтэл эмэгтэйчүүдийн квотыг 20 хувиар оруулж ирэн шийдлээ. УИХ асуудлыг 76 гишүүний кнопоор шийддэг учраас эмэгтэй гишүүд дараад, дараад олонхи болж чадаагүй.

-Эмэгтэйчүүдийн квотыг 20 хувиар тогтоохоор улс төрийн намууд хэчнээн эмэгтэйг УИХ-д нэр дэвшүүлэх боломжтой гэсэн үг вэ. 15-аас багагүй эмэгтэйг УИХ-д нэр дэвшүүлнэ гэх мэдээлэл байна. Ардчилсан нам, МАН-ын хувьд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх нөөц бий байх. Харин жижиг намын хувьд эмэгтэй нэр дэвшигчид нь хэр олон байдаг юм бол. Мөн Ардчилсан нам хэчнээн эмэгтэйг УИХ-д нэр дэвшүүлнэ гэж ойлгох вэ?

-Хуучин эмэгтэйчүүдийн квот 30 хувь байхад 23 эмэгтэй нэр дэвших боломжтой байсан. Одоо 20 хувь болохоор нийт 76 мандатын 15-д нь эмэгтэйчүүд дэвшинэ. Ардчилсан нам, МАН-ын хувьд хангалттай л эмэгтэй боловсон хүчин байгаа. Бусад намуудын хувьд бүх тойрог дээр нэр дэвшүүлэхгүй байх магадлалтай. Тэгэхдээ УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн дэвшигчдийнх нь 20-оос доошгүй хувь нь гэж заасан болохоор түүнийг баримтлах л ёстой.

-УИХ-аар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн авах үед олон зүйл хөндөгдсөний нэг нь “Ард түмэн пропорциональ 28-ыг хүлээж авахгүй байна” гэх тайлбар байсан. Гэтэл та улсын хэмжээний хөгжлийн бодлого тодорхойлоход намын жагсаалт чухал байсан гэж дээр хэлсэн. Тэгэхээр пропорциональ тогтолцооноосоо ухарсан нь ард түмэнд асуудлаа ойлгуулж чадаагүйтэй холбоотой гэж үзэж болох уу. Шалтгааныг нь та юутай холбож харж байна вэ?

-УИХ-аас хэчнээн сайн хууль баталлаа ч хэрэгжилт нь буруу болонгуут эргээд хуулиа өөрчлөхөөс аргагүйд хүрдгийн жишээ нь Үндсэн хуулийн 05 дугаар дүгнэлттэй холбогдож гарсан Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт боллоо.  2011 онд батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хууль нь их зөв хууль байсныг дахин хэлэхийг хүсэж байна. Харамсалтай нь, 2012 оны УИХ-ын сонгуульд оролцсон зарим нам, эвсэл улс төр ч мэдэхгүй, дүүрэг, суманд ч нэр дэвшиж үзээгүй, ард түмний итгэлийг авч үзээгүй хүмүүсийг УИХ-ын сонгуульд намын нэрсийн жагсаалтаар нэр дэвшүүлж, УИХ-д сонгогдоод ороод ирэхээр ард түмэн “Намын жагсаалтаар сонголт хийхээр янз бүрийн хүмүүс нуугдаад ороод ирдэг юм байна, тэгснээс ард түмэн шууд сонгосон нь дээр” гэж үзсэн нь бодитой л үнэн.

-2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам пропорционалаар нэр дэвшигчдийг жагсаахдаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээ дэвшүүлж чадсан уу?

-Чадсан учраас М.Батчимэг, Р.Бурмаа  гээд манай шилдэг эмэгтэй улстөрчид орж ирсэн. Тэд энэ дөрвөн жилийн хугацаанд маш их зүйл хийж чадсан.

-Тойрог жижгэрч, 76 боллоо. Сөрөг үр дагавар нь юу дагуулах бол?

-Намын жагсаалт улс төрийн намуудын төлөвшилд их хэрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл, жагсаалт байж намууд төлөвшдөг. Хоёрдугаарт, том тойрог хөгжлийг төвлөхөд маш их ач холбогдолтой байсан. Томоор хардаг байсан. Одоо харин нэг УИХ-ын гишүүн таван хороо, хэдхэн сумаас нэр дэвших болж байгаа нь буцаад жалга довны үзэл рүү нь оруулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж