Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар дэлхийн хоёрдугаар дайнаас хойш энхийн хэлэлцээ байгуулахад саад болж ирсэн газар нутгийн маргаантай асуудлаарх харилцан яриа хэлэлцээг шинэ шатанд гаргаж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
“Мухардалд орчихоод байсан энхийн хэлэлцээг явуулахад бид нэг шат ахилаа гэж би ойлгож байна” хэмээн Хар тэнгисийн эрэг дээрх Сочи хотод болсон гурван цагийн уулзалтын дараа Шинзо Абэ хэлсэн байна. Гурван цаг үргэлжилсэн хоёр орны удирдагчийн уулзалт ердөө 30 минут л завсарлажээ.
Шинзо Абэ сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ тодорхой ямар асуудлаар тохиролцоонд хүрснээ дурьдаагүй боловч “Бид хожмын үр дүнг бодож, асуудлаа өөрсдөө шийдэх замаар энхийн хэлэлцээ байгуулахаар тохиролцсон. Бид өнгөрсөнд болсон бүхнийг мартаж, асуудлыг өөр арга замаар шийдэх болно” гэжээ. Гэвч асуудлыг шийдэх өөр арга зам гэдэг нь Япон Эторофу, Кунашири болон Шикотан зэрэг арлуудын эзэмшлээс татгалзана гэсэн үг биш гэж Японы албаны хүн мэдээлсэн юм.
Японд хойд арлууд, ОХУ-д Куриллын арлууд гэгддэг газар нутгийг 1945 онд Япон улс дайнд бууж өгсний дараа ЗХУ эзлэн авсан билээ.
Япон, ОХУ газар нутгийн маргаантай асуудлаар хоёр талын албаны уулзалтыг ирэх зургадугаар сард явуулахаар тохиролцсоныг ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров мэдээлсэн юм. Түүнчлэн уулзалтын үеэр В.Путины Япон хийх айлчлалын товыг ч тохиролцсон гэнэ.
Н.ЭНХ