Цөөн хэвлэл байна хэмээн чамлав

Хуучирсан мэдээ: 2011.07.04-нд нийтлэгдсэн

Цөөн хэвлэл байна хэмээн чамлав

Даваа гариг бүр хуралддаг УИХ дахь намын бүлгүүдийн хуралдааны дараа бүлгийн дарга нар сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ дагуу УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээлэл өгнө гэдгээ зарлаж сэтгүүлчид мэдээлэл хүлээн 16.30 цаг хүртэл суусан юм.

Гэвч бүлгийн хуралдаан өндөрлөсний дараа Ч.Сайханбилэг дарга “Цөөхөн хэвлэл байна” хэмээн чамлаж мэдээллийг маргааш өгөхөөр боллоо. Уг нь МҮОНТ-ийн ММ агентлаг, “Монгол” телевиз, News агентлаг, “Өдрийн сонин”, “Үндэсний шуудан”, “Монголын үнэн” сонины сэтгүүлчид мэдээлэл авахаар хүлээж байсан юм. Гэтэл Ч.Сайханбилэг дарга “Өнөөдөр нэг сонин дээр мэдээлэл гарахад маргааш бусад сонин ирэхгүй. ММ-ээр гарсан мэдээг маргааш бусад телевиз авахгүй тул маргааш нэг мөсөн ярья” хэмээн хэвлэлийн төлөөлөгчөөрөө хэлүүллээ. Ингээд цөөн сэтгүүлч үлдсэн байна гэсэн үндэслэлээр бүлгийн мэдээллийг өгсөнгүй. Заавал танхим дүүрэн сэтгүүлч суулгаж, ярайсан олон камерын өмнө мэдээлэл өгнө гэсэн зарчмыг эрхэм гишүүд барьдаг болжээ.

Харин УИХ дахь МАН-ын бүлэг 17.00 цагаас хуралдах гэж байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж