Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийг эцэслэн баталлаа. Төслийг ийнхүү баталсныг тэмдэглэж өнөөдөр/2016.05.07/ Өмнөговь аймаг дахь Оюутолгой төслийн талбайд "Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын гараа" арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, "Рио Тинто" Группийн Гүйцэтгэх захирлын орлогч Жан-Себастьян Жак, “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх болон бусад төлөөлөгчид оролцлоо.
2020 оноос олборлож эхлэхээр төлөвлөж буй гүний уурхайн хүдэр дэх зэсийн агуулга нь эдүгээ олборлолт явуулж буй ил уурхайн зэсийн агуулгаас 3 дахин өндөр буюу дунджаар 1.66 хувь байх юм.
Гүний уурхайг 2027 оноос бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхлэх бөгөөд ингэснээр “Оюутолгой” компани жилд 500,000 тонн зэс (баяжмал дахь агуулгаар) үйлдвэрлэнэ. Тус компани одоогоор жилд 175,000-200,000 тонн зэс (баяжмал дахь агуулгаар) үйлдвэрлэдэг. Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаанд газрын гадаргаас 1.3 километрийн гүнд нийтдээ 200 гаруй километр хонгил барина. Гүний уурхайг бүрэн хүчин чадлаар ашиглаж эхэлснээр “Оюутолгой” нь дэлхийн хэмжээнд зэсийн хамгийн том таван уурхайн нэг болно гэж үзэж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар "Оюутолгой" компанитай 989 ханган нийлүүлэгч компани хамтран ажиллаж байгаа бөгөөд Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаанд энэ тоо 2 дахин өсч, 3000 гаруй ажлын байр шинээр нэмэгдэнэ гэж тооцжээ.
Цаашид гүний уурхайн бүтээн байгуулалтын үр дүнд 2.2 тэрбум ам.долларыг ойрын жилүүдэд Монгол Улсын төсөвт татвар, хураамж, төлбөр хэлбэрээр төвлөрүүлэх төлөвлөгөөг гаргасан байна.
Т.НОМИН