Оношилгоо хийлгэхэд цаг хэмнэсэн үйлчилгээ нэмэгджээ | News.MN

Оношилгоо хийлгэхэд цаг хэмнэсэн үйлчилгээ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.05.07-нд нийтлэгдсэн

Оношилгоо хийлгэхэд цаг хэмнэсэн үйлчилгээ нэмэгджээ

– АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВӨӨС ҮЗҮҮЛЖ БУЙ ЦАГ ЗАХИАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ЦАГ ЗАВЫГ ХЭМНЭСЭН ҮЙЛЧИЛГЭЭ БОЛЖЭЭ-

Төрийн үйлчилгээ иргэдэд хэрхэн хүртээмжтэй хүрч байгаа талаар бид цувралаар сурвалжилж байна. Энэ удаа Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвд байрлах Автотээврийн үндэсний төвд өөрийн тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт хамруулсан иргэн Э.Амартэгштэй цөөн хором ярилцлаа.  

-Та машинаа техникийн хяналтын үзлэгт орууллаа. Энэхүү үйлчилгээ ямар санагдав?

– Үйлчилгээний хувьд дажгүй ээ. Тээврийн хэрэгслээ хяналтын үзлэгт оруулахын өмнө ямар нэг асуудал үүссэн байх вий гээд л бага зэрэг айдастай байлаа. Гэтэл төмөр хүлэг маань ямар нэг эвдрэлгүй байна. Уг төвийн ажилчид дан хяналт гээд байлгүй тээврийн хэрэгслийн талаар тайлбар, зөвлөгөө өгч байгаа нь таалагдлаа. Миний хувьд сэтгэл хангалуун байна.

-Таны хувьд энд ирэхээсээ өмнө урьчилсан захиалгыг өгсөн үү?

– Тиймээ, Би Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 дугаарт холбогдож цаг захиалах үйлчилгээ аваад энд ирсэн. Жил бүр л тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг дараалал ихтэй байдаг. Өнөөдөр харин урьдчилаад цаг авчихсан байсан болохоор ч тэр үү хугацаа алдалгүй үзлэгтээ орсон. Гэхдээ үйлчилгээ үзүүлж байгаа инженер техникийн ажилтнууд нь ч түргэн шуурхай, сэтгэлээсээ үйлчилж байгаад баярлалаа.

– Энэ үйлчилгээний талаар хаанаас мэдээлэл авсан бэ?

-Автотээврийн үндэсний төвийн фэйсбүүк дэх хуудаснаас энэ тухай мэдээлэл авсан. Тэр хуудаст зочилсноор их олон мэдээллийг авч болох юм билээ. Интернэтийн орчныг сайн ашиглаж чадвал бид цаг хугацааг их хэмнэж чадах болжээ.  

– Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийдэг хувийн оношлогооны төвүүд байдаг. Яагаад төрийн үйлчилгээг сонгох болов?

– Би өмнө нь гэрийнхээ ойролцоо байрладаг хувийн оношлогооны төвөөр нэг удаа үйлчлүүлсэн. Гэтэл цагдаа зогсоогоод шалгахад миний оношлогоонд орсон тухай мэдээлэл нэгдсэн мэдээллийн санд нь ороогүй байсан. Тэрнээс болоод торгууль шийтгэвэр гээд нэлээн их цаг заваа алдаж явсан. Тийм болохоор өнөөдөр төрийн үйлчилгээ нь илүү дээр юм байна гэж бодоод Сонгинохайрхан дүүрэгт байрлах Автотээврийн үндэсний төвд ирсэн. Тэр нь ч зөв болж. Энэхүү төвийн хамт олонд баярлалаа гэдгээ хэлмээр байна.

Ч.ЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж