Ким Чен Ун дүүгээ орлогчоор томилох уу? | News.MN

Ким Чен Ун дүүгээ орлогчоор томилох уу?

Хуучирсан мэдээ: 2016.05.07-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун дүүгээ орлогчоор томилох уу?

Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын их хурал баасан гаригт хаалттай эхэллээ. 1980 оноос хойш хуралдаагүй намын их хурлыг залуу удирдагч Ким Чен Ун цөмийн туршилтаас болж улс орон нь олон улсын эдийн засгийн хоригт ороод буй хэдий ч улс орноо  эв нэгдэлтэй, улс төрийн хувьд тогтвортой гэдгийг харуулах зорилгоор зохион явуулж байгаа ажээ.

Энэ үйл явдлыг дэлхий нийтэд харуулахаар олон улсын 100 гаруй сэтгүүлчдийг урьж аваачсан боловч тэдэнд энэ үйл явдлыг зөвхөн гаднаас нь харах боломж олгосон гэнэ.

Умард Солонгосын улс төрийн хамгийн том шоу үзүүлбэр болох намын их хуралд зориулсан баярын жагсаал, ёслолын  ажиллагаанд хэдэн арван мянган ажилчид, оюутнуудыг дайчилжээ. Намын их хурлыг Мөнхийн удирдагч гэж улс орондоо тахин шүтэгддэг Ким Ир Сений ач хүү, Ким Чен Ун удирдан явуулж байгаа ажээ. Умард Солонгосын Хөдөлмөрийн намын их хурал хамгийн сүүлд 1980 онд одоогийн удирдагч Ким Чен Уныг төрөхөөс өмнө болж байжээ.

Ким Чен Уны эцэг, Умард Солонгосын экс удирдагч олны өмнө хэзээ ч илтгэл тавьж байгаагүй бүрэг нэгэн байсан аж. Харин залуу удирдагч Ким Чен Ун намын их хурал дээр илтгэл тавьсан эсэх нь тодорхойгүй байна.

70 хоног үргэлжлэх намын их хурлын талаар 75 настай нэгэн иргэн “Намын долоо дахь их хурлаар Маршалл Ким Чен Уны эрин эхэлж байна. Манай улс залуу удирдагчийн удирдлага дор америкчуудыг Өмнөд Солонгосын нутгаас хөөн гаргаж, хуваагдсан Солонгосыг нэгтгэнэ”  хэмээн ярьсан байна. Намын их хуралд зориулж, Умард Солонгосын иргэд 70 хоногийн турш хурлын үйлчилгээнд цалингүй ажиллах бөгөөд баярын жагсаалд сайн дураар оролцож байгаа гэнэ.

Умард Солонгосын Хөдөлмөрчдийн намын их хурал нь тус улсын шийдвэр гаргах түвшний хамгийн дээд байгууллага боловч гол шийдвэрийг Ким Чен Ун болон түүний ойрын хүрээллийнхэн гаргадаг ажээ.

Хэдэн мянган гишүүнтэй намын их хурал дээр асуудлыг мэтгэлцээний журмаар биш, гар өргөн, татгалзах саналгүйгээр шийддэг. Намын их хурлаар шийддэг гол асуудлын нэг нь өндөр албан тушаалтанд цол хэргэм олгох эсвэл цол хэргэмийг бууруулах тухай байдаг. Баасан гаригт эхэлсэн Умард Солонгосын Хөдөлмөрчдийн намын их хурлаар намын ахмад гишүүд болон Ким Чен Уны ойрын хүрээллийг “шинэ цусаар“ сэлбэх томилгоо хийгдэж магадгүй гэж олон улсын ажиглагчид таамаглаж байна.

Ийм томилгооны хамгийн эхэнд нэр нь байгаа хүн бол Ким Чен Уны төрсөн дүү юм.

Намын төв хорооны тусгай хэлтэст өндөр алба хашдаг энэ эмэгтэй Ким Чен Уныг байнга дагалдан явдаг юм. Ким Чен Ун дүүгээ өөрийг нь орлох шийдвэр гаргах түвшний хоёр дах том өндөр албанд томилох магадлал байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж