“Торгоны замын аялал жуулчлал” төслийн сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2016.05.06-нд нийтлэгдсэн

“Торгоны замын аялал жуулчлал” төслийн сургалт боллоо

Тур оператор байгууллагуудын аялал жуулчлалын бүтээгдэхүүн шинээр бий болгох, баяжуулан хөгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Торгоны замын аялал жуулчлал” төслийн нэгжээс энэ удаад  Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн тэргүүлэх профессор С.Дуламыг урьж, “Нүүдлийн соёл, иргэншил аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох нь” сэдэвт сургалт, семинарыг зохион байгууллаа.

Нүүдлийн соёл иргэншил тэр дундаа нэн эртний хадны сүг зураг, хүн төрөлхтний үүслийн олдворууд, хадны сүг зургийн тайлал, хэрхэн тайлбар хийх, Монгол уламжлал, бэлгэдэл, домог, түүхийн  талаар сургалт явуулснаас гадна тур операторуудын сонирхсон асуултад хариулж, халуун яриа өрнүүлэн, үнэтэй зөвлөмжүүдийг өгөв.

Профессор С.Дулам “Манай Монгол орны газар сайгүй уул хайрхдын хад чулуун дээр бичээстэй байдаг зургууд бол өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн захиа бөгөөд биднийг тайлан уншаад өөрсдийнхөө тусын тулд хэрэглээч ээ гэж үлдээсэн юм. Тиймээс Хэнтий аймгийн Батширээт сумын Биндэр уулын Рашаан хадны сүг зургийг жишээ болгон авч, утга учрыг нь  судалгаагаар тайлан, орчин үеийн хүмүүст хүргэх зорилгоор СУИС –ийн хүсэлтээр бүжгэн жүжиг хүртэл хамтран хийсэн нь  нүүдлийн соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх давхар ач холбогдолтой” гэдгийг онцолж байлаа.

Сургалтад аялал жуулчлалын тур операторуудаас гадна салбарын эрдэмтэн багш судлаач оюутнуудын нийт 80 орчим хүн оролцлоо. Төслийн нэгжийн дараагийн сургалт энэ сарын дундуур зохион байгуулагдах ажээ.

Б.АНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж