Түүнийг М.Баттулга гэдэг. МУИС-ийН II дамжааны оюутан. Багаасаа л цэрэгт явахыг хүсдэг тэрбээр энэ удаагийн цэрэг татлагад тэнцжээ. “Хичээлээсээ жилийн чөлөө аваад одоо шууд цэрэгт явлаа” хэмээн догдлон ярих М.Баттулга Хилийн цэргийн ангид алба хаахаар болсон байв…
Яг үүн шиг цэрэгт тэнцээд оо, сойзоо хэрхэн авах, хувийн бэлтгэлээ яаж базаах зэрэгт санаа тавьсан залуус олон байлаа. Эхний бүртгэлээр эрүүл мэнддээ тэнцсэн ч, хоёр дахь шатны үзлэг буюу Зэвсэгт хүчний төв дамжаа 013 дугаар ангид болох нэгдсэн үзлэг залуусыг хүлээж буй юм.
Зарлан дуудах хуудсаа барин ирсэн залуусын ихэнх нь хувийн ариун цэвэр хангалтгүй, ирээдүйд аав болох хүмүүс байж, эрүүл мэндийн талаарх мэдлэг хангалтгүй байна гэж эмч нар шүүмжлэлээ. Энэ жилийн тухайд улаанбурхан халдварт өвчний дэгдэлт их буй учир цэргийн үзлэгийн багт ХӨСҮТ-ийн эмч багтжээ. Маргааш, нөгөөдөр гээд цэрэг татлагад хамрагдах 18-25 насныхан өмнө нь эмчилгээ, шинжилгээ хийлгэж байсан эмчийн бичиг, дүгнэлт, эхо, рентгин зураг зэргийг нотлох баримт бичиг болгон авчрах шаардлагатайг эмч нар анхаарууллаа. Цэрэг татлага нийслэлийн нэр бүхий зургаан сургуульд дүүрэг тус бүрээр хуваагдан явагдаж буй. Сүхбаатар дүүргийн тухайд ерөнхий боловсролын 31 дүгээр сургууль дээр цэргийн бүртгэл явагдаж байна. Бүртгэлийн эхний өдөр гэхэд цэрэгт явах хүсэлтэй залуусын идэвх өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад сайжирсаныг тус дүүргийн Тамгын газрын цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа ярилаа.
Нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг эхэлсэн цэрэг татлага нөгөөдөр буюу ням гариг хүртэл үргэлжилнэ.
ЗАРЛАН ДУУДАХ ХУУДАС АВСАН ИРГЭД ЮУ БҮРДҮҮЛЭХ ВЭ?
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Цахим үнэмлэх
- Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
- Нийгмийн даатгалын дэвтэр
- Хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих үүрэгтэй.
ДҮҮРГҮҮДИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН БАЙРНЫ ХАЯГ:
- Баянгол дүүрэг – "Оюуны ундраа" /96 дугаар дунд сургууль/ цогцолбор
- Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль
- Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль
- Сонгинохайрхан дүүрэг – "Ирээдүй" / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор
- Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль
- Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургууль
Д.УЛАМБАЯР
Зураглаач Н.БАТМӨНХ