ОХУ-д Хоккейн ДАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.05.06-нд нийтлэгдсэн

ОХУ-д Хоккейн ДАШТ эхэллээ

Өнөөдөр ОХУ-ын Москва, Санкт Петербург хотноо хоккейн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. ОХУ-д хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 жилийн өмнө зохион байгуулагдаж байсан түүхтэй юм. Тэмцээнийг зохион байгуулагч улсын шигшээ баг дэлхийн аваргын  тэмцээндээ 3 дах жилээ Олег Знаркагийн удирдлаган дор оролцохоор  болж байгаа нь энэ юм. Оросын хоккейн шигшээ багийнхан гарааны  18 тамирчны нэрсийг албан ёсоор  зарлаад байгаа боловч 3 хаалгачтай, 25 хүний бүрэлдэхүүнтэй байж болох дүрмийн дагуу Стэнлийн цомын тэмцээнийг дуусгаад улсын шигшээ багтаа тоглох хэд хэдэн тамирчдыг сэлгээний  буюу нөөц тамирчдаар бүртгэснээ ахлах дасгалжуулагч мэдээлсэн юм. Эдгээрт Вашингтон багийн Александр Овечкин, Евгений Кузнецов, Александр Радулов  нарын нэрс багтжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд энэ удаад 16 баг 2 хэсэгт хуваагдан өрсөлдөх юм. А хэсэгт ОХУ, Швед, Чех, Швейцарь, Латви, Норвеги, Дани, Казакстаны багууд орсон бол В хэсэгт Канад, Финлянд, АНУ, Словак, Белорусс, Франц, Герман, Унгарын багууд  оржээ. Хэсгийн шатны тоглолтууд энэ сарын 6-17-ны хоорронд болох бол ¼-т хэсгийн шилдэг 4 багийн тоглолт 5-р сарын 19-нд, хагас шигшээ 5-р сарын 21-нд, шигшээ тоглолт 5-р сарын 22-ны өдөр болж, аваргаа тодруулах юм.  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтын салхийг ОХУ, Чехийн шигшээ багууд хагалах юм.Энэ тоглолт хийгээд, тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев оролцоно гэсэн мэдээлэл ирж байна. Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1930-аад оноос хойш зохион байгуулагдах болсон. Энэ хугацаанд хуучнаар ЗХУ одоогийн ОХУ-ын шигшээ баг нийтдээ 27 удаад, Канадын баг 25 удаад аваргын алтан медалийн эзэд болж байсан түүхтэй юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж