Жирэмсэн бол вакцин хийлгэж болохгүй

Хуучирсан мэдээ: 2016.05.06-нд нийтлэгдсэн

Жирэмсэн бол вакцин хийлгэж болохгүй

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ТАЛААРХ ШИНЭ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЕ

Хамгийн сүүлийн буюу тавдугаар сарын 3-ны өдрийн мэдээгээр улсын хэмжээнд нийт 19010 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 4065 (21 хувь) нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.  ХӨСҮТ-д 235 өвчтөн  хандаж, үзүүлсний 165 буюу 70 хувь нь  улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй байснаас  29 нь хэвтэж, 98 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 230 өвчтөн тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж  байгаагаас 16 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт  хэвтжээ. 

Улаанбурхнаар өвчлөгсдийн дунд 18-30 насныхан, тэр дундаа оюутнууд зонхилж буй учраас Засгийн газраас хөрөнгө гаргаж, дээрх насныхныг вакцинд хамруулахаар болсон юм. Вакцинжуулалт тавдугаар сарын 12-ны өдрөөс улс даяар эхэлнэ. Засгийн газар 948,3 сая төгрөгийн төсөвт өртгөөр 650 мянган хүн тун вакцин аваад байгаа юм. Тиймээс бид ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасангаас вакцинжуулалтын талаар тодрууллаа.

ЗӨВЛӨМЖ: 18-30 насны хүмүүс хүүхэд байхдаа улаанбурханы вакцин хийлгэсэн байлаа ч дахин тариулахад харшлах зүйлгүй.

-Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хаанаас оруулж ирж байгаа вэ. Вакцинд нас зааж хамруулж байгаагийн учир юу вэ. Урьд нь вакцин тариулсан хүмүүс дахин хийлгэхэд сөрөг нөлөөгүй юү?

-Улаанбурханаас урьдчилан сэргийлэх тарилгыг НҮБ-ын Хүн амын сангаас нийлүүлж байгаа. Одоогоор 650 мянган хүн тун вакцин орж ирээд байна. Ноднингоос эхлэн дэгдсэн улаанбурхан өвчнөөр 18-30 насныхан илүүү өвдөж байгаагаас дахин вакцинд хамруулах шийдвэрийг гаргасан. Дээрх насны хязгаарт хамрагдсан хүмүүст вакциныг үнэ төлбөргүйгээр хийнэ. Улаанбаатар хотод ХӨСҮТ-д, хөдөө орон нутагт аймгуудын Эрүүл мэндийн нэгдэлд Сайн дурын дархлаажуулалтын тасагт очиж, тариулах юм. 18-30 насны хүмүүс хүүхэд байхдаа улаанбурханы вакцин хийлгэсэн байлаа ч дахин тариулахад харшлах зүйлгүй.

-Яагаад энэ насныхан илүү өвдөөд байна вэ. Тухайн үеийн вакцины чанар эргэлзээтэй байв уу, эсвэл ээж аав нар нь вакцинд хамруулсангүй юү?

-Хүн бүрээр шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй. Нийтлэг анзаарагдаж байгаа шалтгаан нь тухайн үед хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх тарилгаас хоцроосон байх магадлалтай. Өмнө нь тарьсан тарианы үйлчлэл одоо саарсан байхыг үгүйсгэхгүй. Ер нь улаанууд, улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хүүхдийн есөн сартай болон хоёр настайд хоёр тун хийдэг. Ганцхан эхний тунг хийлгэсэн бол өвчнөөс хамгаалах чадвар  93 хувь, хоёр тунг хоёуланг хийлгэвэл 97 хувиар хамгаалагддаг. Энэ нь 15-20  жилийн үйлчлэлтэй гэж үзэх нь бий. Цаашид дархлаа сулардаг талтай. Иймд дахиад вакцин тариулахад айж, эргэлзэх зүйлгүй.

-18-30 наснаас бусад насныхан сайн дураараа тариулж болох уу?

-Болно. Гэхдээ төлбөртэйгээр тариулна. Нэг тун вакциныг 10 мянган төгрөгөөр тарьж байгаа. Бага насны хүүхдүүдийн хувьд товлолт вакцин хийлгээд удаагүй учир дахин тариулах шаардлагагүй.

-Вакцин хийлгэхэд хориглох заалт бий юү?

-Улаанбурханы вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж болохгүй. Мөн вакцин тариулснаас хойш нэг сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөж байгаа. Өөр хориглох заалт байхгүй.

Манай улс улаанбурхны эсрэг вакцинаар 1994, 1996, 2000, 2007, 2012 онуудад 3-14 настай хүүхдийг нэмэлтээр дархлаажуулсны үр дүнд энэ өвчин буурч, 2011 оноос улсын хэмжээнд нэг ч бүртгэгдээгүй байсан. Гэвч 2015 оны гуравдугаар сараас уг өвчин дахин  дэгдсэн юм. Эл өвчний дэгдэлтийг бууруулахын тулд өмнө нь зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдийг вакцинд хамруулж байжээ. Харин энэ удаа 18-30 насныханд 650 мянган хүн тун вакцин хийнэ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж