Өндөр үнэтэй гэрээ байгуулсан 31 настай төвийн тоглогч өнгөрсөн улиралд карьерынхаа хувийн оргил амжилтыг үзүүлсэн. Тэрээр Даллас Старст тоглон 28 гоол, 49 оновчтой дамжуулалт хийсэн билээ. Түүнийг багтаа нэгтгэхийн төлөө Лос Анжэлэс Кингс, Торонто Мапл Лифс багууд хүчтэй өрсөлдсөн. Өнгөрсөн бямба гарагт Калгари Флэймс хүчтэй дайралтыг хийсэн ч амжилт олоогүй.
Лос Анжэлэс багийн болон Аншутц Энтэртайнмэнт Группыг эзэмшигч Тим Лайвеке Канад улсад очин Ричардстай уулзан ятгахыг оролджээ. Түүнийг багтаа элсүүлэхийн тулд домогт Уэйн Гретцки, мөн сагсан бөмбөгийн алдарт тоглогч Коби Брайнт нарын Ричардст хандан хэлсэн дүрс бичлэгийг ашигласан ч амжилт олсонгүй. Энэ талаар чөлөөт агентийн “эрэлтэт бараа” Ричардс “Хүмүүст үгүй гэж хэцүү байлаа. Багуудын тавьж байгаа саналууд ч татгалзахын аргагүй байсан” гэж хэлжээ.
Уг ширүүн өрсөлдөөнд Нью Иоркын баг Ричардс яршиг төвөгтэй олон заалттай биш ч хамгийн ашигтай саналыг тавьсан нь түүнд таалагдсан аж. Рэйнжэрс Ричардсыг багт нь том тус хүргэж плэй оффт амжилт гаргахад нь голлон тоглоно гэдэгт итгэж байгаа нь лавтай.
Ричардсыг авснаар биеийн хүчний тоглолтын асуудлаа багасгаж чадсан “Биг Аппл”-н баг Крис Дрөри, Скотт Гомез нар дээр нэмэн Яромир Ягрийг багтаа элсүүлэхээр хөөцөлдөж байгаа юм. Гэхдээ Ричардстай хийсэн үнэтэй гэрээний улмаас эдгээр шилдгүүдийг нэгтгэх магадлал маш бага болоод байна. Брэд Ричардс NHL-д 11 улирал тоглохдоо Тампа Бэй, Даллас багуудад 772 тоглолтонд оролцохдоо 220 гоол, 496 оновчтой дамжуулалт хийж байжээ. Өнөөгийн тоглогдын дунд тэрээр нэг тоглолтонд дунджаар 1.11 оноог дунджилдгаараа 7-д ордог.
Мөн тэрээр Тампа Бэй Лайтнингийн хамт Стэнлийн цом хүртэхдээ гялалзсан амжилт гаргаж плэй оффын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртэж байсан. Мөн энэ үеэр Нью Иорк Питтсбург Пингюнсийн довтлогч Майк Рапптай 3 жилийн 4.5 сая долларын гэрээ хийн авсан бол, багийнхаа довтлогч Руслан Федотенкотой нэг жилийн 1.4 сая долларын гэрээний сунгалтыг хийж чаджээ.