Улаанбаатар хотод ирсэн зочид ихээр зорчдог Чингисийн өргөн чөлөө буюу 120-ийн уулзвар, Олимпийн гудамж, Гэндэнгийн гудамж буюу Хуримын ордны урд тал, Үндэсний соёл, амралтын хүрээлэнг тойрсон зам зэрэг 13 гудамж, талбайд ногоон байгууламж түлхүү тавьж, тохижуулахаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар зураг төслийг нь гарган баталжээ.
Зураг төслийн дагуу Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийнхэн гэрлийн шон будах, гэрэл, кабелийн утсыг цэгцлэх, мод цэцэг тарих, явган, дугуйн замыг шинэчлэн тавихаар тохижилтын ажлыг эхлүүлсэн байна. Тарих модны тухайд гурван наст гацуур, шинэс, нарс модод байх аж.
Долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо АСЕМ-ийн өндөр дээд түвшний уулзалтууд болно. Тэгэхээр гадаадын зочдыг ирэхээс өмнө нийслэлийнхээ гудамж, талбайн өнгө төрхийг сайжруулахад одоо сар гаруйн хугацаа үлдсэн гэсэн үг. Учир нь ирэх сарын 10-15-ны өдөр гэхэд АСЕМ-д зориулсан тохижилтын ажлыг дуусгах төлөвлөгөөг НЗАА-наас гаргажээ. АСЕМ-ийн зочид зорчих дээрх 13 гудамжийг тохижуулах ажилд гурван тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргажээ.
Хүүхдийн ордны ард талын зам буюу Хуримын ордон, Шангри-Ла зочид буудал орох Гэндэнгийн гудамж өнгөө засчээ. Нийслэлийн төсвөөс 78 сая төгрөг гаргаж, эвдэрч муудсан явган замын хавтанг нөхөн шинэчилж, дөрвөн улирлын турш ногооноороо байх савалгаат гацуур модыг суулгаж, гэрлийн утас, кабелиудыг цэгцэлж, хогийн сав нэмэн тохижуулсан байна. Мөн “Блю скай тауэр"-ийн урд талын зам буюу Жамьян гүний гудамжийн жижиг ТҮЦ-үүдийг буулгаж, явган замыг шинэчлэх ажил эд өрнөж буй юм. Энэ гудамжийн таримал модуудыг тайрж, суурийг нь буджээ. Давхар торхтой гацууруудыг байрлуулж, тохижуулж байна. Энэхүү хоёр гудамжийн тохижилтыг энэ сарын 20 гэхэд хийж дуусгана. Бусад гудамжид тохижилтын ажил мөн хийгдэж байна. Тухайлбал паркийн зүүн талын зам буюу Олимпийн гудамжид мод тарих, явган замын хавтанг улаан өнгөөр солих ажил явагдаж байна. Харин “Хурд” хорооллын урд талын зам буюу “SS” клубээс Дүнжингаравын уулзвар хүртэл 3.5 километр дугуйн зам шинээр тавьж, хажуугаар нь цэцэг тарих гэнэ. Маршалын гүүр орох авто замыг шинэчилж, 2-3 авто замын компани ажлыг хуваан авч, одоогийн замыг хоёр тал руу өргөтгөх, хажуугаар нь явган хүний болон дугуйн зам барихаар ажиллаж байна.
Мөн хотын төв гудамж дагуу байрлалтай үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнд орчноо цэвэрлэж, тохижуул, халцарч, өнгөө алдсан байшин барилгаа будаж, шинэчил гэсэн шаардлагыг нийслэлээс тавьж, тохижилтын ажилд Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар нэгтгэл, Захирагчийн ажлын албаны мэргэжилтнүүд хяналт тавих юм. 2016 онд нийслэл нийт 909 авто зам, тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтыг хийх жагсаалтыг баталсан. Дээрх зам талбайн ажлын ихэнх нь АСЕМ-ийн уулзалтаас өмнө дуусах шаардлагатай.
Зураглаач Н.БАТМӨНХ