Улстөрчдийн хэн нь хамгийн баян бэ?

Хуучирсан мэдээ: 2016.05.06-нд нийтлэгдсэн

Улстөрчдийн хэн нь хамгийн баян бэ?

Албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн байдлыг Төрийн мэдээлэл эмхэтгэлийн өчигдрийн дугаарт нийтэлжээ. Энэ удаа нийт 220 мэдүүлэг гаргагч болон тэдний гэр бүлийн гишүүдийн 2015 онд олсон орлого, эзэмшилд байгаа орон сууц, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, газар, үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл,  хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэл, авлага, зээл зэрэг мэдээллийг нийтэлсэн байна. Үүнээс улстөрчдийн хамгийн хамгийнийг тодруулан уншигчиддаа сонирхуулъя.


Хамгийн их орлоготой

Улстөрчид дундаа Г.Батхүү гишүүн өнгөрөгч онд хамгийн их орлого олжээ.  2014 оны байдлаар тэрбээр хөрөнгө орлогоороо бусад түшээдийнхээ өмнө гишгэж байсан бол энэ жил ч гэсэн 5.7 тэрбум төгрөгийн орлогоор тэргүүлсэн үзүүлэлттэй явна.

Хамгийн олон машинтай

Улстөрчдийн ихэнх нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ машингүй гэдгээ дурьджээ. Харин Б.Наранхүү гишүүн зургаан машинтай гэдгээ онцолж, хамгийн олон машинтай төрийн түшээгээр нэрлэгдлээ.

Хамгийн олон орон сууцтай

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан зургаан орон сууцтайгаар  бусдыгаа илүүрхэж байна. Түүнийг С.Одонтуяа гишүүн таван орон сууцтайгаар удаалж байгаа бол бусад түшээдийн ихэнх нь нэг орон сууцтай гэж мэдүүлжээ.

Хамгийн олон малтай

Сүүлийн хэдэн жилийн турш малынхаа тоогоор бусдыгаа манлайлж яваа Б.Бат-Эрдэнэ гишүүн энэ удаа ч чансаагаа алдсангүй. Тэрбээр 430 адуу, 60 үхэр, хурдан удмын 20 адуу, 400 ямаа, 3000 хоньтой гэж мэдүүлсэн байна.

Хамгийн их хадгаламжтай

Хамгийн их хадгаламжтай улстөрчдийн жагсаалтыг энэ удаа Б.Наранхүү гишүүн тэргүүлж байна. Тэрбээр 21 тэрбум 195 сая 800 мянган төгрөгний хадгаламжтай аж. Харин түүнийг Л.Болд удаалжээ. Л.Болд гишүүний хувьд 17 тэрбум 864 сая 391 мянган төгрөгийн хадгаламжтай.

Хамгийн олон газар эзэмшдэг

Л.Эрдэнэчимэг гишүүн эзэмшдэг газрынхаа тоогоор бусад түшээдээ илүүрхэж байна. Тэрбээр /Эзэмших, 180 м2-1, Эзэмших, 4032 м2-1, Эзэмших, 699 м2-1, Эзэмших, 700 м2-1, Өмчлөх, 816 м2-1, Ашиглах, 950 м2-1/ гэх мэтээр зургаан газар эзэмшдэг аж.

Хамгийн  их талбай бүхий газар эзэмшдэг

Эзэмшдэг газрынхаа тоогоор Л.Эрдэнэчимэг гишүүн тэргүүлсэн бол хамгийн их талбай бүхий газар эзэмшдэг баян түшээгээр О.Содбилэг нэрлэгдэж байна. /Эзэмших, 1219 м2-1, Эзэмших, 50000 м2-1, Өмчлөх, 700 м2-2/

Хамгийн их үнэт эдлэлтэй

УИХ-ын гишүүн О.Содбилэг нийт 750 сая төгрөгийн үнэт эдлэлтэйгээр энэ жагсаалтад тэргүүлсэн байна. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 635 сая төгрөгийн үнэт эдлэлтэйгээр түүний ард бичигджээ.

Хамгийн олон хувьцаатай

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нийт 25 компани, аж ахуй нэгжид хувьцаа эзэмшдэг байна. Тодруулбал,  Хурд Хүнс ХХК, Хурд Авто ХХК,  Хурд групп ХХК, Рапид харш ХХК, Хаус инвест ХХК, Сауд гоби блейк гоулд ХХК, Апартмент Кей Эйч ХХК,  Говь гоё сайхан ХХК, Өмнийн гоё говь ХХК,  Хурд Транс ХХК,  ДЦ-Улаанбаатар ООО ХХК,  Хурдпропертийз ХХК,  Эйжнложистик бридж ХХК,  Юнайтедтранс групп ХХК,  Хурдресурс ХХК,  Хурдцентр ХХК,  Юнайтедложистик групп ХХК, Хурдстандарт ХХК, Хурдмайнинг ХХК,  Хурдкапитал ХХК, Хурд-Энержи ХХК,  Нэшнлмайнинг групп ХХК, Монконс ХХК, Беллвью пропертис ХХК, Түмэн найрамдал ХХК зэрэг компанид хувьцаа эзэмшдэг ажээ. Харин УИХ-ын гишүүн Б.Наранхүү 24 компанид хувьцаа эзэмшдэгээрээ түүний ард бичигдэв.

Б.АМИ

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж