Хувь тэнцүүлсэн тогтолцоог халсан Цэцийн дүгнэлтийг хүлээж авснаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ шөнө дөлөөр хэлэлцэн, гишүүдийн 72.4 хувийн саналаар дэмжин баталлаа. Ингэснээр холимог системээр сонгуулийг явуулах 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд баталсан хууль хүчингүй болж, Сонгуулийн шинэ хуульд абсолют мажоритар системээр сонгуулийг явуулахаар хуульчилж өглөө.
Нэгэнт УИХ хуулиа шинэчилэн баталснаас хойш жагсаалтын 28 мандатыг хэрхэн, яаж хуваах тохиролцоо хоёр том намын дунд ид өрнөж байна. Нэгдүгээр хувилбар нь, хөдөөд 20, хотод найман мандатыг өгөх саналыг МАН-аас дэвшүүлж буй. Хоёрдугаар хувилбар нь, хөдөөд 14, хотод 14 гэх Ардчилсан намаас гаргаж буй санал. Гэхдээ УИХ-аар дэмжигдэх хамгийн магадлал өндөртэй нь 16 мандатыг нь хөдөөд, 12 мандатыг хотод хуваарилах хувилбар.
Ардчилсан намын зүгээс хотын мандатыг нэмэх саналаа “Улаанбаатар хотоос УИХ-д сонгогдсон гишүүдийн тоо нийслэлийн хүн амыг төлөөлж хүрэлцэхгүй байна” гэх үгээр тайлбарлаж буй юм. Харин Монгол ардын нам хөдөөгийн тойргийг 20 мандатаар нэмэх нь “Засаг захиргаа хүн амын тоог харгалзан үзэх Үндсэн хуулийн заалттай нийцсэн хувилбар” гэсэн шалтгаан хэлэх болсон.
Нэгэнт УИХ хуулиа шинэчилэн баталснаас хойш жагсаалтын 28 мандатыг хэрхэн, яаж хуваах тохиролцоо хоёр том намын дунд ид өрнөж байна. Нэгдүгээр хувилбар нь, хөдөөд 20, хотод найман мандатыг өгөх саналыг МАН-аас дэвшүүлж буй. Хоёрдугаар хувилбар нь, хөдөөд 14, хотод 14 гэх Ардчилсан намаас гаргаж буй санал. Гэхдээ УИХ-аар дэмжигдэх хамгийн магадлал өндөртэй нь 16 мандатыг нь хөдөөд, 12 мандатыг хотод хуваарилах хувилбар.
Шинэ хуульд зааснаар намууд тавдугаар сарын 20-23ны хооронд нэр дэвшигчээ тодруулах ёстой. Үүнээс өмнө парламентад суудалтай хоёр том нам жагсаалтын 28-ыг яаж хуваахаа тохиролцсон байх ёстой гэсэн үг. Намууд тойрог дээрээ тохиролцоход ердөө 14 хоногийн хугацаа үлдэж байна.
Тойргийн асуудлыг УИХ-аар хэлэлцэж баталсны дараа парламентын хийх ажил үндсэндээ дуусч, намын дарга нарын зовлон эхэлнэ гэсэн үг.
Жижиг мажоритар нь улсыг 76 бүсэд хуваагаад, тойрог тус бүрт нэг хүний нэрийг дэвшүүлнэ. Сонгуульд өрсөлдөхөөр аль эртнээс төлөвлөж, зарим нэг нь бүтэн дөрвөн жил тойргоо, тордож усалсан олон горилогч дундаас 76 хүнийг “шигшиж” олно гэдэг намуудын дарга нарын хувьд том ажил ундрах нь ойлгомжтой.
Жагсаалтын 28-д орохоор төлөвлөж, өнгөрсөн дөрвөн жил тойргоо тордож, услаагүй нөхдүүд Ардчилсан намд ч, Ардын намд ч байгаа. Мөн тойргоо өөрчлөх, шинэчлэх гээд аль, аль нам дотор тойргийн тохиролцоо эвдэгдэж, дахин хуваарилалт шинээр өрнөх нь гарцаагүй юм. Жишээлбэл, жагсаалтад орохоор горилж явсан хүмүүс тойрогтойгоо үлдэх гэж, тойргоо тордож явсан хүмүүс нь түүнийгээ хамгаалах гэж намуудын дунд бөөн “зодоон” болно. Гомдогсод хийгээд гоморхогсод ч олноор төрөх ч биз.
Өмнөх сонгуулиудаар намдаа тэрбум төгрөг хандивлаж, тойрог олж авсан гэх улстөрчдын тухай үнэн худал яриа байдаг. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар тойргийн ханш хэд хүртэл өсөхийг хэлж мэдэхгүй ч намууд дээр том “наймаа”, тохироо явагдана гээд мөрийцсөн ч болно.
Өмнө нь хэн, хаана нэр дэвших вэ гэсэн таамаглалууд өнөөдөр цаг, минутаар өөрчлөгдөж байна. Тухайлбал, С.Баярцогт гэхэд Сэлэнгэд нэр дэвшихгүй. Түүнд хотын тойрог өгнө гэсэн яриа байгаа. Тэгвэл Д.Ганхуяг Архангай руу явахаар тохиролцож байгаа гэнэ. МАН-ын генсек Ж.Мөнхбат Архангай руугаа явахаар болжээ. Харин Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр хотод өрсөлдөхөөр яригдаж байна. У.Хүрэлсүх Хэнтий рүүгээ явахаар, харин Ч.Хүрэлбаатар хотод нэр дэвшихээр болжээ. Г.Батхүү мөн л хотын аль нэг дүүрэгт нэр дэвшихээр хөөцөлдөж яваа гэнэ.
Баянголд С.Эрдэнэ буцаад очжээ. Тус тойрогт Ардчилсан намын дарга З.Энхболд өрсөлдөх мэдээлэл бий. Харин С.Одонтуяа өөр тойрогт өрсөлдөхөөр болж байгаа гэсэн “бор шувуу” нисч байна. Гэхдээ 14 хоногийн зай ч байна, лай ч байна. Энэ хугацаанд тойргийн наймаа тохиролцоо фракц бүлэглэлийн дунд ширүүснэ.
Үнэнийг хэлэхэд фракциудынхаа эрх ашгийг хангах, өөрийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэх гээд хоёр Энхболдын хувьд чухамдаа нойргүй хонох, хамгийн хүнд өдрүүд эхэлж байна. Ялалтдаа хэт эрт эрдсэн намууд баярлах бас болоогүй л байна даа. Учир нь дараагийн парламентад 72:4 гэсан харьцаагаар аль нэг нам олонх болж магадгүй. Чухам тэр нь Ардчилсан нам уу, Ардын нам уу?