‘’Монголын балетын хөгжил сан’’-гийн тэргүүн, Гавъяат жүжигчин, Япон улсын "Комаки" балет болон АНУ-ын "Бостон балет "компанийн гоцлол бүжигчин Дугараагийн Алтанхуяг эх орондоо ээлжит балетын тэсрэлтээ хийх гэж байна.
Энэ бол дэлхийн тавцанд ид бүжиглэж, бүжгийн ур чадвар, нэр хүндээрээ дээгүүр орох дэлхийн балетын шилдгүүдийг эх орондоо урьж, зохион байгуулах олон улсын балетын наадам юм. 2016 оны зургадугаар сарын 4-нд "Corporate convention centre"-т болох “Night of ballet” наадамд дэлхийн сонгодог урлагийн их ноён оргил болсон бүтээлүүдийг олон орны бүжигчид Монголын тайзнаа амилуулах ба урилгаар Монгол, АНУ, Канад, Япон, Куба, Турк, Аргентина, Испани зэрэг 10 орны шилдэг бүжигчид оролцохоор болжээ.
Дэлхийн шилдэг бүжигчид нэгэн дор хуран чуулж, орчин үеийн сонгодог бүжгийн урлагийн хөгжлийг тодорхойлдог олон улсын хэмжээний энэхүү наадмыг гурав дахь удаа Монголд зохион байгуулахад “The Corporate and convention centre” дэмжлэг үзүүлэн, ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.
Наадмыг зохион байгуулагч “Монголын балетын хөгжил сан” олон нийтэд сонгодог бүжгийн урлагийг сурталчлах, сонгодог бүжгийн сургалт зохион байгуулах, залуу боловсон хүчинг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол улсад балетын урлагийг хөгжүүлэх, олон улсын чанартай фестиваль, тоглолт, тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулах зорилготой ажилладаг ба өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын арга хэмжээнд Монголын балетын хөгжлийг сурталчлах, Япон болон АНУ-д Монголын ирээдүйн залуу балетчидыг бэлтгэх ажлуудыг хэрэгжүүлж, Монголдоо томоохон олон улсын наадмыг анх удаа амжилттай зохион байгуулсан юм байна.