Хаяг, хариуцах эзэнгүй хөшөө дурсгалууд

Хуучирсан мэдээ: 2016.05.06-нд нийтлэгдсэн

Хаяг, хариуцах эзэнгүй хөшөө дурсгалууд

Монголчууд бидний баялаг түүхийн гэрч болсон хөшөө дурсгал олон  бий. Зөвхөн нийслэл хотод л гэхэд 200 гаруй  хөшөө, дурсгалын цогцолбор байдаг гэсэн тоо гарчээ. Нийслэлээс  явуулсан тооллогоор 2007 онд 143 байсан хөшөө дурсгал 2008 онд 167, 2009 онд 171, хамгийн сүүлийн мэдээллээр 200 гаруй хөшөө, дурсгал, баримал, өндөрлөг тоологджээ. Эдгээр хөшөө дурсгалыг барьж, байгуулсан он цагийн дарааллаар нь хуваан үзвэл:

  • 19-р зуунд хамаарах 6

  • 1930 – 1939 онд хамаарах  1

  • 1940 – 1949 онд хамаарах  5

  • 1950 – 1959 онд хамаарах 8

  • 1960 – 1969 онд хамаарах 13

  • 1970 – 1979онд хамаарах 6

  • 1980 – 1989онд хамаарах 19

  • 1990 – 1999 онд хамаарах 35

  • 2000 оноос хойш 92 ширхэг байдгийг тогтоожээ.  

Энэ жагсаалтаас харахад өмнөх зуунд баригдсан хөшөө дурсгал олон байх бөгөөд тэдгээрийн дотор Монголын түүхэнд нэрээ үлдээсэн алдар, суутнуудад зориулсан хөшөө цөөнгүй. Бид өөрсдөө бол Чингис хаан, Д.Сүхбаатар жанжин, Маршал Х.Чойбалсан,  Ю.Цэдэнбал дарга, яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулан гэж таниад байгаа ч гадаадын аялагч, жуулчид хэн нь хэн бэ гэдгийг хэрхэн таних билээ. Чухам тиймээс л хөшөө дурсгалаа хэлд оруулж, чухам хэн гэдэг алдар гавьяатанд зориулж, хэзээ барьж босгосон талаарх мэдээллийг дэлгэрэнгүйгээр хүргэдэг болъё хэмээн уриалаад байгаа хэрэг.

Д.Нацагдоржийн хөшөө

Хотын төв орчимд байрлах 10 гаруйхан хөшөөг тойрч үзлээ. Нэгэн үеийг бодвол хөшөөний талаарх танилцуулга тайлбарыг монгол,  англиар бичиж тавьдаг болжээ. Жуулчин болгон хөтөч тайлбарлагчтай аялдаггүй. Бор зүрхээрээ Монголыг зориод ирсэн үүргэвчтэй аялагчид цөөнгүй. Тэдний хувьд хэдэн бор хөшөөг яагаад хотынхоо төвд хүндэтгэн залсныг огт мэдэхгүй буцна гэсэн үг. Харин англи тайлбар байх аваас учрыг ухаж ойлгох билээ. Хөтөч тайлбарлагдын хувьд ч түүхийн дурсгалт газруудыг гадныханд таниулахад хөшөөний тайлбар зүүсгэл тус болох нь дамжиггүй. Төрийн ордны зүүн хойд талд залрах маршал Х.Чойбалсангийн хөшөө, баруун хойно нь дүнхийх Алтайн аргаль угалзны, Гадаад хэргийн яамны зэргэлдээх “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнүүдийг тайлбар мэдээллийг жижиг самбарт монгол, англи хэлээр бичиж хадсан нь содон харагдаж байлаа. Харин Халуун элгэн нутгийн хойд талын Яст мэлхийн хөшөөнд тайлбар зүүсгэл юу ч алга. Нийслэл Улаанбаатар хотыг Алтан тэвшийн хөндийд байршуулахад анх шав тавьсан газар гэдгийг бүдэг бадаг мэдэхээс цаашгүй энэ хөшөөний түүхийг бичиж таниулахгүй бол яагаад яст мэлхийг сонгосныг, нуруун дээрх босоо чулуу ямар бэлгэдэлтэйг гадныхан бүү хэл бид ч  мэдэхгүй үлдэх нь. Хүүхэд залуучуудын хөлд хамгийн их дарагддаг цэцэрлэгт гудамжинд байрлах залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөнд тайлбар танилцуулга хийхгүй бол “Энэ цэрэг хэн бэ” гэхэд гайхах зүйлгүй юм.

Тайлбар үгүйлэгдсэн хөшөө /Ж.Лхагвасүрэн жанжны хөшөө/

Сүүлийн үед баригдсан хөшөө дурсгалууд  түүхэн үйл явдал, уран бүтээлд зориулсан байх нь олонтаа.  “Халуун элгэн нутаг”, “Дархан” хил зэрэг дууны нотыг монгол нутгийн  чулуунд сийлж босгосон нь саяхан. Тухайн үедээ чулуун хөшөө олноор барьж, хотоо  оршуулгын газар болгох нь хэмээх хатуухан  шүүмжлэл дагуулж байсан юм. Харин сүүлд босгосон “Маамуу нааш ир” дууны хөшөөг өвөрмөц дизайнаар барьж байгуулсан нь бас нэг дэвшил болсон билээ.

Нийслэлийн өнгө төрхөд тохирсон ямар хөшөөг хаана, хэрхэн байгуулах бодлогыг зангидаж байдаг газар нь мэдээж хотын захиргаа. НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар “Улаанбаатар хотод хөшөө, дурсгал, хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-д зааснаар  зөвшөөрөл олгох комисст урчуудын эвлэлийн хорооны гишүүд болон архитекторчид заавал багтсан байх ёстой юм. Тэдгээр мэргэжилтнүүд баригдаж буй хөшөө, дурсгалын өнгө хийц, байршилд анхаарахаас гадна тэр хөшөө баригдсанаар нийслэл хотод ямар өгөөж өгөх вэ гэдгийг ч тооцох учиртай. Ядаж л Ш.Сүрэнжав гуайн шүлэглэсэнчлэн “Хөшөө тийш очих ардын зам балрахгүй” байж гэмээнэ хөшөө босгосны гавьяа байх биз ээ.

Гэтэл өнөөдөр хэзээ, хэнд зориулж босгосон нь үл мэдэгдэх  хөшөө, дурсгал Улаанбаатар хотод цөөнгүй байна. Тиймээс хөшөө дурсгалуудыг дотоод гадаадын аялагч жуулчдын харааг булааж, нүдийг соронздох нэг хэрэглүүр болгоход анхаарах цаг болжээ.  Мянган бээрийн тэртээх  сумын төвд урлагийн бүтээл гэж тодотгож болохуйц гайхалтай цогцолбор /Ховд аймгийн Зэрэг суман дахь цогцолбор хөшөө/ барьж байгуулчихаад байхад улсынхаа нэрийн хуудас болсон нийслэлд  цогцолбор гээд нэрлэчих хэмжээний дурсгалт газар үнэндээ ховор байна. Социализмын үеэс өдгөөд уламжлагдсан зөвлөлтийн дайчдын цогцолбортой дүйх хэмжээний бүтээл туувихад  хөрөнгө мөнгө шаардагдах нь мэдээж. Гэхдээ хөшөө дурсгалд мөнгө огт зардаггүй юу гэвэл бас тийм биш. 2012 онд л гэхэд 40 тэрбум төгрөгийг хөшөө дурсгалд зориулж төсөвлөсөн гэсэн тоо гарчээ. Харин гүйцэтгэл хийгээд үр дүнгийн талаарх мэдээлэл  байхгүйгээс шүүмжлэлийн бай болоод байгаа хэрэг.

Хөшөө дурсгал нь нэг талаар тухайн хүн, түүхэн үйл явдлыг хойч үедээ байнга дурсаж явах баталгаа, хүндэтгэлийн илрэл  байдаг бол орчин цагийн хамгийн гол шаардлага нь улс орны хөгжил, соёл урлаг болон оюуны хөгжлийн илэрхийлэл болж байгаа юм. Товчхондоо бол хөшөө дургал бол хотын гоёл, соёл, хол ойрын гийчдийг татах соронз болоосой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж