Сирийн хойд хэсэгт орших дүрвэгсдийн хуаранг агаараас бөмбөгдсөнөөс 28 хүн амь үрэгдэж, 50 хүн гэмтэж бэртжээ. Хохирогчдын дунд хүүхэд, эмэгтэйчүүд олон байгаа юм. Туркийн хилийн ойролцоо Сирийн Идлиб мужийн Сармада хотод орших Камоуна дүрвэгсдийн хуаран агаарын цохилтод өртсөн байна. Зарим эх сурвалжууд дүрвэгсдийн хуаранг Сирийн засгийн газрын эсвэл ОХУ-ын армийн байлдааны онгоц бөмбөгдсөн гэж мэдээлсэн ч батлагдаагүй.
Өмнөх өдөр нь АНУ болон ОХУ-ын шахалтаар Сирийн засгийн газар болон босогчдын хооронд Алеппа хотын орчимд гал зогсоох хэлэлцээг сунгасан юм. Сирид өнгөрсөн хоёрдугаар сард орон даяар гал зогсоосон боловч жижиг зөрчил тулаанд 300 орчим хүн амь үрэгджээ.
Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас буулгахын төлөө эхэлсэн зөрчил мөргөлдөөнд таван жилийн хугацаанд 200 мянга гаруй хүн амь үрэгдэж, олон сая хүн орон гэрээ алдан дүрвэсэн юм.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА