Сонгомол барилдааны олимпийн эрхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2016.05.06-нд нийтлэгдсэн

Сонгомол барилдааны олимпийн эрхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ

РИО-2016 олимпийн наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах сүүлийн тэмцээн өнөөдөр Туркийн Станбул хотноо эхэлнэ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос “РИО-2016” олимпийн эрх олгох “The first “Last-Chance” /Эхний –сүүлчийн боломж/ тэмцээнийг өнгөрөгч сард Монгол Улсад зохион байгуулсан. Тэгвэл сүүлийн 36 эрхийн төлөө дэлхийн бөхчүүдээс өнөөдрөөс өрсөлдөнө.

Энэхүү тэмцээнд 58 улсын 300 гаруй бөхчүүд хүрэлцэн ирсэн бөгөөд тэднээс жин бүрийн финалд үлдсэн нь олимпийн эрхийг авах юм. Тодруулбал, сонгомол барилдааны 6, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 6 жингийн алт, мөнгөн медальтнууд Риогийн олимпийн эрхийг өвөртөлнө.

Олимпийн эрхийн төлөө эрэгтэй чөлөөт бөхийн 97 кг-ын жинд ОУХМ Д.Хүдэрбулга, эмэгтэй чөлөөт бөхийн 48 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл, 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа нар өрсөлдөх юм. Дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эмэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр нар  ажиллаж байна.

Чөлөөт бөх, сонгомол барилдааны олимпийн эрх олгох тэмцээний хуваарь:

Тавдугаар сарын 6. Баасан гариг /Цагийн мэдээллийг орон нутгийн цагаар оруулсан бөгөөд Улаанбаатарын цагаар 16.00-с эхэлнэ./

  • 10.00-15.00 Сонгомол барилдааны 59, 66, 75, 85, 98, 130 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
  • 17.30-18.00 Нээлтийн ёслол
  • 18.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Тавдугаар сарын 7. Бямба гариг

  • 10.00-15.00 Эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
  • 18.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Тавдугаар сарын 8. Ням гариг

  • 10.00-15.00 Эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 86, 97, 125 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
  • 18.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж