Б.Одсүрэн: Бидэн шиг автобус дамжин Бээжинд очсон зураач байгаагүй

Хуучирсан мэдээ: 2016.05.06-нд нийтлэгдсэн

Б.Одсүрэн: Бидэн шиг автобус дамжин Бээжинд очсон зураач байгаагүй

Сонирхогчдын  залуу зураачдын  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  тэргүүн байрын шагналт, залуу зураач Б.Одсүрэнг редакцынхаа хойморт урьж ярилцлаа.

-Юуны өмнө нийт уншигчдынхаа өмнөөс  Сонирхогчдын залуу зураачдын  Дэлхийн аварга болсонд тань баяр хүргэе. Эх орныхоо нэрийг  дэлхий дахинаа дуурсгана  гэдэг зураач хүний  хувьд том амжилт. Тиймээс ярилцлагаа тэмцээний сонин, сайхнаас эхлэх үү?

-Баярлалаа. БНХАУ-ын нийслэл  Бээжин хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд  Сонирхогчдын залуу зураачдын  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай  зохион байгуулагдлаа.  Дэлхийн хэмжээний тэмцээнд эх орноо төлөөлөн  бидний гурван залуу зураач, хоёр багшийнхаа хамт  амжилттай  оролцоод ирлээ. Миний хувьд уран, хар , зохиомжит зураг гэсэн гурван төрөлд оролцохоор бэлтгэл хангасан  байсан ч хоёр төрөлд нь оролцож чадаагүй.  Зохиомжит зургийн төрөлд 420 гаруй  зураачтай өрсөлдөн  тэргүүн байрт шалгаран  Монгол Улсынхаа  нэрийг гаргаж чадсандаа туйлын баяртай байна. Тэмцээнд 70 гаруй орны залуу зураач оролцсон.

-Уран зураг болон хар зургийн төрөлд оролцож чадаагүй шалтгаан нь юу байв. Өөрөөс тань шалтгаалав уу, эсвэл?

-Бид дөрөвдүгээр сарын 24-ний орой галт тэргэнд  сууж, 25-ны өглөө   Замын –Үүдийн хилээр гарч, Бээжингийн  автобусанд дамжин суусан.  Харамсалтай нь уран зургийн төрлийн тэмцээн биднийг очихоос өмнө 26-ны  өглөө 08.00 цагт эхэлсэн  тул  амжаагүй.  Харин зохиомжит зургийн төрөл нь 14.00 цагт эхэлсэн учраас   эх орноо  төлөөлж, оролцоод тэргүүн байр эзлэн сонирхогчдын Дэлхийн аварга боллоо.  Хар зургийн төрөлд эрүүл мэндийн байдлын улмаас оролцож чадаагүй.  Галт тэргэнд  удаан явсны улмаас нуруу өвдөж, тэмцээний эмч чөлөөлснөөр оролцох боломжгүй болсон. Хэдийгээр бэлтгэсэн хоёр төрөлдөө оролцож чадаагүй  ч, Зохиомжит зургийн төрлөөсөө алтан медаль хүртэж чадсандаа баяртай байгаа. Ер нь  монголчууд шиг   галт тэрэг,  автобус дамжин тэмцээн болох газраа хүрдэг зураач байдаггүй л юм билээ. Монголоос бусад нь нэг өдрийн өмнө  онгоцоор нисч  очоод зочид буудалдаа байрлачихсан,  тэмцээнд оролцох бүтээлээ хэдийнэ байрлуулчихсан байгаа юм чинь.   Биднийг зочид буудалд байрлах үед инээдтэй зүйл тохиолдсон. Буудлын угаалгын өрөөний угаалтуурынх нь дээд талд монгол хэлээр “Монголчуудаа усаа хэмнэ. Крантаа хаа” гээд биччихсэн байсан. Тэр үгийг хараад тэрүүхэндээ инээд хүрч, манайхан жаахан хашраачихсан юм болов уу гэх бодол төрж байсан шүү.

-Дэлхийн аварга болж чадна  гэдэгтээ итгэлтэй байсан уу, эсвэл шагналт байрт  багтчих юмсан гэх мөрөөдөлтэй  байв уу?

-Дэлхийн олон орны чадварлаг  400 гаруй залуу зураач ур чадвар, сэтгэхүйгээрээ  өрсөлдөж байгаа  учир өөрийгөө түрүүлнэ гэж бодоогүй. Эхлээд 400 зураачаас 100-г нь шалгаруулсан юм. Дараа нь шилдэг 32-ыг шалгаруулж   улмаар  эхний найман байрыг тодруулсан. Эхний наймд багтах үед “Ямартай ч медаль дээр буучих юмсан” гэж бодогдсон.  Гэтэл тэргүүн байрыг зарлах мөчид  миний нэрийг дуудахад  өөртөө итгэхгүй, баярласандаа   уйлсан. Тэмцээнд явахын өмнө багш нар маань судалгаагаа сайн хий гэж зөвлөсөн л дөө. Зохиомжит зураг тухайн уран бүтээлчээс уран сэтгэмж их шаарддаг учраас өөрийнхөө хэмжээнд  судалгаа хийсэн байсан. Товчоор  бэлтгэлээ сайтар базаасан гэж хэлж болно.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ аль тэмцээнээс  авсан бэ?

-Залуу зураачдын “Уран гараа” улсын уралдаан гэж зохион байгуулагддаг юм. Тэр уралдаанд  2015 болон 2016 онд  тэргүүн байр эзэлж, Сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон. Дашрамд хэлэхэд,  Сонирхогчдын Дэлхийн аваргын тэмцээнд хувиараа оролцож бас болох юм билээ.

-Бусад орны зураачдын чадвар ямар байх юм?

-Сонирхогчдын  тэмцээн гэдэг утгаараа  сонирхогчдоос гадна  мэргэжлийн зураачид ч оролцох эрх нь нээлттэй юм билээ.  Мундаг зураач олон байсан шүү. Ер нь  хэл, соёлоо дагаад орон орны  уран зургууд  өөр өөрийн  өвөрмөц онцлогтой нь анзаарагдсан.  Миний хувьд байгалийн уран зураг, зохиомжит зургийг илүүтэй сонирхож зурдаг.

-Зохиомжит зургийн  тань сэдэв нь юу байсан бэ. Тэмцээний зохион байгуулагчд­ын зүгээс   тодорхой сэдвийг оноож өгсөн үү?

-Миний оролцсон төрлийн сэдэв нь “Эх орон”  байв. Аз болоход би яг энэ сэдвээр бэлтгэлээ  базаасан байсан юм. Дэлхийн олон орны залуу зураачид оролцох учраас орон орны онцлогийг харуулсан сэдэв бүхий зураг зурах даалгавар өгч магадгүй гэж таамагласан байсан  хэрэг. Би өөрөө Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрж, Заг сумд өссөн. Тиймээс  эхлээд Заг, Жаргалант сумын газрын зургийг зохиомжлон гаргаж, дараа нь Монгол Улсынхаа газрын зургийг зохиомжилж зурсан. Өөрөөр хэлбэл, гурван хэсэгтэй нэг зохиомжит зургийг зурсан нь шүүгчдэд таалагдсан юм болов уу.

-Шагналыг тань юу дагалдаж ирсэн бэ?

-Алтан медаль, дэлхийн аваргын  цомыг маань БНХАУ-ын Дүрслэх урлагийн сургуульд таван жилийн хугацаанд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах эрхийн бичиг болон нэг дэлгүүрээс монгол мөнгөөр сая төгрөгийн  бараа авах эрхийн бичиг дагалдаж ирсэн. Тэмцээний үеэр нуруу өвдчихсөн байсан учраас нутаг буцахынхаа өмнө  л дэлгүүрээр нь орсон доо.

-Шагналд ирсэн Дүрслэх урлагийн сургуульдаа үргэлжлүүлэн сурах төлөвлөгөө байна уу?

-Сурах эсэхээ хараахан шийдээгүй л байна. Найзууд, ах дүү нар сургуульдаа сурсан нь дээр гэж зөвлөж байгаа. Ээж, аавдаа энэ тухай яриагүй. Тэдэнтэйгээ зөвлөж байж сурах эсэхээ шийднэ.

-Тэмцээнд түрүүлсний дараа хамгийн түрүүнд юу бодогдож байх юм?

-Монгол руугаа л их яарсан. Хамгийн түрүүнд найз нартаа  дэлхийн аварга болсон мэдээгээ дуулгахад тэд маань маш  их баярласан.  Өмнө нь улсын уралдаанд түрүүлж,  үзэсгэлэнгээ гаргахад хүртэл “Миний анд мундаг шүү” гэж хэлж байгаагүй найзууд минь  тэмцээнд явахын өмнө “заавал түрүүлээрэй” гэж захисан. Тиймээс, эцэг эх, анд найзуудынхаа итгэлийг алдахгүй юм сан гэж хэрэндээ л  хичээж оролцсон гэдгээ хэлэх хэрэгтэй байх. Сонирхогчдын дэлхийн аварга болсныг сумын сургуулийн багш  аав, ээж хоёрт маань  дуулгасан байсан. Өөрсдөө медаль авчихсан юм шиг л баярлаж байсан гэсэн. Ямартай ч, эцэг эхийнхээ итгэлийг алдаагүйдээ урамшсан, бас өөрийн эрхгүй л нулимс гарч байсан.

-Эр хүн чинь нулимсаа нуудаг шүү дээ. Б.Одсүрэн их уяхан бололтой?

-Би ч уяхан хүн  биш л дээ. Нулимсаа нуудаг. Намайг уйлж байхыг өөр хүн харж байгаагүй байх. Гэхдээ дэлхийн хэмжээний том тэмцээнд түрүүлж, улсынхаа  нэрийг гаргахад яагаад ч юм нулимс аяндаа л гардаг юм билээ.

-Тэмцээнд  явахад чинь ямар хүмүүс ивээн тэтгэж, тусалж дэмжив?

-Тэмцээнд явахын өмнө ивээн тэтгэх хүн олох хэрэгтэй болсон. Ерөнхийдөө таван сая төгрөгийн  хэрэг байсан. Харин БНХАУ-ын иргэн, уран зураг сонирхдог нэг ах хувиасаа гурван зураач тус бүрийг гурван сая төгрөгөөр ивээн тэтгэсэн. Бид  зураач болохоор зурах хэрэгсэл гээд хэрэгтэй зүйл мундахгүй их. Үлдсэн хоёр сая төгрөгийг өөрсдөөсөө гаргах хэрэгтэй болсон. Манай нутгийн Жанжин гэдэг ах надад 500 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлснийг мөн энд дурьдах хэрэгтэй болов уу.

-Ивээн тэтгэх хүсэлтийг өөр байгууллагад тавьж үзсэн үү?

-Сумын Засаг дарга болон Нутгийн зөвлөлдөө хандаж үзсэн.Боломж нь таараагүй юм уу, бүтээгүй. Одоо амжилт гаргасан болохоор сум, орон нутгийнхан маань дэмжих байх. Ер нь хийж бүтээе гэсэн залуу хүнийг  дэмжих байх гэж найдаж байна. Ганц би биш, манай нутгаас  олон чадварлаг залуу төрж  байгаа шүү дээ.

-Саяхан анхны бие даасан зургийн үзэсгэлэнгээ гаргасан  байна лээ? 

-Хоёрдугаар сард Баянхонгор аймгийн Жаргалант сумын “Байдраг” ахлах сургууль дээр өөрийн анхны бие даасан уран зургийн үзэсгэлэнгээ гаргасан. Энэ дашрамд, үзэсгэлэнгээ гаргахад туслалцаа үзүүлсэн  сумынхаа ЕБС-ийн нийт хамт олонд талархал дэвшүүлье. Ер нь хүний анхны юм бүхэн хүний сэтгэлд тод үлддэг юм болов уу. Тэр ч утгаараа өөрийн төрөлх сургууль дээрээ анхны үзэсгэлэнгээ гаргахыг зорьсон юм. Үзэсгэлэнгээ гаргахдаа эцэг эхээсээ туслалцаа аваагүй. Намайг бусдаас  дутаалгүй сурган хүмүүжүүлж,  сургуулийг минь төгсгөж өгсөн учраас эцэг, эхдээ дарамт болохыг хүсээгүй. Харин фэйсбүүк найзуудынхаа хөргийг зурж, үзэсгэлэнд хэрэглэгдэх материалаа авсан. Би фэйсбүүк хуудаст 1000 гаруй найзтай юм билээ. Тэдгээр найзуудаасаа зуун хүнийг сонгож, өөрсдөд нь хэлэлгүй зургийг нь зурж  жаазлаад тухайн хүмүүстээ 25 мянган төгрөгөөр худалдан аваач гэсэн хүсэлтийг тавьсан. Тэд ч маш баяртай хүлээн авч, дэмжсэн юм. Анх удаагаа эцэг эхийнхээ дэмжлэггүйгээр үзэсгэлэнгээ гаргахад сайхан байсан.

-Дараагийн зорилго, төлөвлөгөөг тань сонирхмоор байна?

-Өөрийн гэсэн урлантай болохыг л хүсч байна. Эхлээд өөрийн гэсэн урлантай болчихвол цааш цаашдаа зураг зурах сонирхолтой хүүхдүүдийн авьяасыг нь хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж бодож байгаа.  Залуу хүн бүрийн л өмнө нэг зорилго байдаг байх. Тэр  зорилгодоо хүрэхийн тулд бүгд л   тэгээс  эхэлдэг шүү дээ. Би ч гэсэн тэгээс эхэлж, өөрийн урлантай болж,  цаашлаад урлангаа өргөжүүлэн   галлерей болгоно гэсэн мөрөөдөлтэй байдаг.

-Одоо зургаа гэртээ л зурдаг гэсэн үг үү?

-Тийм ээ. Гэртээ зурдаг.

-Ер нь яагаад зураач болсон юм бэ. Өнөөгийн нийгэмд зураг зурж  амьдарна гэдэг хэцүү шүү дээ?

-Хичээлдээ муу байгаагүй ч, би  малчин болох хүсэлтэй байсан юм. Харин аав минь миний зурах авьяасыг дэмжин “Манайд зураач хүн байхгүй, миний хүү зургаа л зур” гэж үргэлж хэлдэг  байсан нь нөлөөлсөн. Тэгээд 2009 оны зун хотод ирэхдээ Ражив Гандийн нэрэмжит үйлдвэр урлалын сургуульд шалгалт өгсөн. Тухайн үед шалгалт өгсөн хүүхдүүд бүгд л том ватум цаас, зургийн хэрэгслээ авч ирсэн байсан. Гэтэл би зургийн дэвтэр, ганц хар балтай л очиж билээ. Шалгалтаа өгөхөөс илүүтэй  төөрчих вий гэдэгтээ л санаа зовж байсан. Хотод анх удаа  ирж байгаа  болохоор тэр байх. Маргааш нь шалгалтад  тэнцсэн хүүхдүүдийн жагсаалтыг гаргасан байлаа. Өөрийгөө өндөр оноо авна гэж бодоогүй болохоор нэрээ доогуур л хайгаад байтал эхний дөрөвт жагсчихсан байдаг байгаа. Ингээд тус сургуулийн  Арьс урлалын ангид сурч төгсөөд СУИС-ийн Чимэглэх урлалын ангид элсэн суралцаж төгссөн. Зураач болох л ёстой байсан юм байлгүй.

-Хөрөг зураг зурдаг гэсэн. Ер нь ийм төрлийн зургийг зурах хэцүү юу?

-Хөрөг зураг хэцүү л дээ. Багш нараар хөрөг зураг зурах аргыг  заалгаж байгаагүй, өөрийн сонирхлоороо л зурдаг юм. Аав өөрийгөө зуруулах их дуртай. Миний хамгийн анх зурсан хөрөг аавынх  маань байлаа. Аавынхаа хөргийг эхлээд зурж дадлагажаад  дараа нь  бусад хүмүүсийн хөргийг зурж эхэлсэн.

-Ямар хүний хөргийг зурахад хэцүү  вэ. Зарим зураач хайртай хүнийхээ хөргийг зурах хэцүү гэж хэлдэг юм билээ?

-Эмэгтэй хүний хөрөг зурах  их хэцүү. 2015 оны “Уран гараа” улсын уралдаанд “Гоо” гэдэг зургаараа түрүүлж байсан.  Зургийн урд хэсэгт хос хун зураад ард нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг дүрслэн зурсан нь шүүгчдэд үнэлэгдэж, тэргүүн байрын шагналыг хүртсэн.  Би эмэгтэй хүний гоо сайхныг ээжээрээ л төлөөлүүлж хардаг.

-Уран зураг, уран зохиол хоёр адилхан гэж ярьдаг. Чиний хувьд онгод орох үе гэж байдаг уу?

-Уран бүтээлийн онгод хүн бүрт өөр өөр байдаг байх. Миний хувьд  ихэнхдээ шөнө зургаа зурдаг. Гэртээ ганцаараа байх үедээ шөнийн 01.00-05.00 цагийн хооронд сууж, бүтээлээ туурвидаг.

-Залуу хүний хувьд  хэнээс үлгэр жишээ авч, хүндэлж биширч явдаг вэ?

-Багшийгаа л хүндэлж биширч явдаг даа. Миний багшийг Өлзийсайхан гэдэг. Шавийн эрдэм багшаас эхтэй гэдэг үг бий. Миний гаргасан амжилт багштай минь салшгүй холбоотой. Бусад зураачдаас гэвэл марзан Шаравын зургийг их сонирхдог.

Б.ДАВАА

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж