Г.Туулхүү: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх процесс үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2016.05.06-нд нийтлэгдсэн

Г.Туулхүү: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх процесс үргэлжилж байна

-“SouthGobi Sands” компани одоогоор 2.2 тэрбум төгрөгийн торгууль барагдуулжээ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өнгөрсөн оны хоёрдугаар сарын 26-нд зарим хүнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлсөн билээ. Энэ үеэр “SouthGobi Sands” компанийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд Найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком ЖР нарт мөн уучлал үзүүлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Уянга лхагва гаригт сэтгүүлчдэд хандан “Ерөнхийлөгч Жастин Капла нарт уучлал үзүүлчихээд байхад тэд өрөө төлөхгүй байна. Энэ бол Монгол Улсын төрийг дээрэлхсэн, дэндүү хүндэтгэлгүй хандаж байгаа хэлбэр” хэмээн мэдэгдсэн билээ. Тиймээс энэхүү өр төлбөрийн асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа Г.Туулхүүгээс тодрууллаа.

-“SouthGobi Sands” компани Монгол Улсын шүүхийн шийдвэрээр ногдуулсан торгуулийг төлөхгүй байна гэж УИХ-ын гишүүн Г.Уянга мэдэгдлээ. Энэ үнэн үү?

-Шүүхийн шийдвэрээр “SouthGobi Sands” компанид 35 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Үүнээс одоогоор бид 2.2 тэрбум төгрөгийг барагдуулаад байна. Үлдсэнийг нь шүүхийн шийдвэрийн дагуу барагдуулна. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Нэгэнт гарсан шүүхийн шийдвэр биелэгдэх ёстой. Бид энэ компанийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжлээд, дуудлага худалдаанд оруулах, худалдан борлуулах үе шатандаа ажиллаж байна.

-Торгуулийн тодорхой хэсгийг бэлэн бусаар барагдуулах хүсэлт тавьсан гэж Г.Уянга гишүүн мөн хэлсэн.

-Техникээр ч юм уу, эсвэл ямарваа нэг хэлбэрээр өр авлагаа барагдуулъя гэдэг саналыг тэд манай байгууллагад тавиагүй. Гэхдээ тус компаниас Засгийн газарт хүсэлт тавьсан юм билээ. Засгийн газраас Сангийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулаад, тэр хүсэлтийнх нь талаар судалж үзэж байгаа юм билээ. Тухайн Ажлын хэсэг нь энэ санал дээр ажиллаад, тэгээд хуулийн дагуу манай байгууллагад саналаа тавих байх. Гэхдээ бид ямар нэгэн байдлаар суллаж, чөлөөлж, өөрчилнө гэсэн зүйл байхгүй. Нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн төлөө манай байгууллага ажиллаж байгаа.

-Нийт 35 тэрбум төгрөгийг “SouthGobi Sands” хэдий хугацаанд барагдуулах ёстой вэ?

-Ер нь шүүхийн шийдвэрт төдий хугацааны дотор барагдуул гэсэн тодорхой хугацаа зааж өгөөгүй. Гэхдээ гарсан шийдвэр биелэгдэх ёстой. Барагдуулах ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх процесс үргэлжлээд явж байна аа.

Компанийн хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулбал хэдий хэмжээний хөрөнгө төвлөрүүлэх боломжтой вэ? Үнэлгээ нь гарсан болов уу?

-Тэдний компанийн үл хөдлөх эд хөрөнгийг одоо үнэлүүлж байгаа. Тэгээд дараа нь нээлттэй дуудлага худалдаагаар худалдан борлуулна. Тухайн компани дампуураад уначихсан компани биш шүү дээ. Үйл ажиллагаа явуулж, ашигт малтмал олборлож байна. Тэр олборлолтын орлогоос нь бид хурааж авна шүү дээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлээд бид ажиллаж байгаа. Ямар ч байсан дансан дахь хөрөнгийг нь татаад авчихсан л байдалтай байна. Хөрөнгүүдийг үнэлсний дараа ийм хөрөнгүүдийг ийм үнээс эхлэн дуудаж худалдана гээд бид сониноор зар тавьж, нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна.

-Техник, тоног төхөөрөмжөөр өр төлбөрийнхөө тодорхой хэсгийг барагдуулдаг практик Монголд бий юү?

-Бий л дээ. Ялгаагүй, техник тоног төхөөрөмжийг бид хурааж аваад, дуудлага худалдаанд оруулаад, мөнгө хэлбэрээр нь л татаж төвлөрүүлнэ шүү дээ. Би ийм өртэй, гэвч мөнгө байхгүй байна, оронд нь энэ техникийг авчихаач гэснийг нь аваад, өр торгуулийг хаадаг газар манайх биш л дээ. Тийм учраас техник, тоног төхөөрөмжийг нь хурааж аваад, үнэлүүлээд, худалдан борлуулаад, төвлөрсөн хөрөнгийг нь Сангийн яаманд өгнө.

Одоогийн байдлаар 2.2 тэрбум төгрөгийн торгуулийг барагдуулсан гэж өмнө хэлсэн. Компанийн бэлэн мөнгийг нь бид татаад авчихсан. Мөн үндсэн хөрөнгийг нь хурааж авч байна, хурааж авсны дараа тэр нөхдүүд гомдол гаргах хуулийн тодорхой хугацаа байна. Дараа нь үнэлгээний комисс томилно, тэгээд хөрөнгийг нь үнэлнэ гээд хуулийн дагуу тодорхой процесс, үе шат бий. Тэр дагуу л ажил үргэлжилж байна.

Б.ХОНГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж