УИХ-ын чуулган өчигдөр /V.05/ оройжин хуралдаж, Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/-ийн 05 дугаар дүгнэлт /Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцэн, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсны дагуу Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцэв. УИХ-аас “Жижиг 76 тойргоор сонгууль явах нь зүйтэй” хэмээн үзсэн тул энэ шийдвэртэй санал нийлээгүй гишүүдийн байр суурийг сонслоо.
УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:
-Хуулиа барих ёстой. Яагаад гэвэл УИХ-ын сонгууль 48 том тойргоор явагдана гээд Сонгуулийн тухай хуульд заачихсан байдаг. Энэ заалтыг ҮХЦ-ээс буруу гэж гаргаагүй. Тэр ч утгаараа намууд, бие даагчид томсгосон тойргоор мөрийн хөтөлбөрөө өгчихсөн. Гэтэл МАН, АН-ынхан жагсаалтын 28-ыг яаж 48 тойрогтоо шингээх вэ гэж ярихын оронд шууд жижиг 76 тойрог болгочихлоо. Шууд жижиг 76 болгож болно. Тэр тохиолдолд хууль санаачилж оруулж ирэх ёстой байсан. УИХ-ын тухай хуульд цэцийн дүгнэлтэд зохих өөрчлөлтийг хийх ёстой гэж заасан байдаг. Түүнээс бүхэлд нь өөрчил гэсэн заалт байдаггүй. Бодитоор аваад үзвэл, жижиг 76 тойрог гэдэг чинь 5 мянган хүнээс сонгогдох, танил буюу хамаатан нараасаа сонгогдох боломжтой гэсэн үг. Жишээ нь, Дорнод аймагт Х.Болорчулуун, Н.Номтойбаяр хоёрын компаниуд 3000 ажилтантай. Тэд өөрсдийнхөө 3000 хүнээр санал өгүүлээд гарах нь байна. Энэ чинь Монголын ард түмний төлөөлөл мөн үү. Тиймээс би жижигрүүлсэн тойрог болгохын тулд уриалах хэрэггүй байсан гэж хэлмээр байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ОЮУНГЭРЭЛ:
-Пропорциональ систем нь эмэгтэйчүүдэд илүү ээлтэй хувилбар байсан. Одоо бол жижиг 76 тойрог дээр бэлтгэл муутай эмэгтэйчүүд очих болж байна. Энэ сонгууль эмэгтэйчүүдэд хатуу сонгууль болох нь гэж харагдаж байна. Жижиг тойргоор сонгууль явбал улсын бодлого гэхээс илүү орон нутгийн бодлого түлхүү яригдана. Улсын төсөв 76 тийш чангаагдана. Улсын нөөц бол нэлээд самгарддаг. Эмэгтэй, эрэгтэй гишүүдийн харьцааг сонгогчид мэдэрч, сонгож чаддаггүй. Пропорциональ системээр бол сонгогчид хэдэн эмэгтэйд санал өгч байна вэ гэдгийг хянах боломжтой байсан.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн 72.4 хувийн саналаар дэмжин баталлаа.
Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.4 хувь нь дэмжлээ. Мөн Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг батлахыг гишүүдийн 75.9 хувь нь, Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн тойрог байгуулах, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг батлахыг гишүүдийн 75.4 хувь нь дэмжив. Эдгээр хууль тогтоомжийн төслүүдийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх юм байна.
Хууль тогтоомжийн төслүүд батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ,
-Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдрөөс эхэлж, ирэх долоо хоногийн нэг дэх өдөр гэхэд дуусах байсныг Улсын Их Хурал цэцийн дүгнэлтийг хүлээж авсантай уялдуулан баталсан хуулийн шинэ зохицуулалтаар тавдугаар сарын 23-ны өдрөөс эхлэхээр хойшлуулж байгаа. Ингэснээр нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд боломж олгож байгаа. Харин аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажил нэг дэх өдөр гэхэд дуусна гэдгийг дурдав. Мөн тэрээр Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн тойрог байгуулах, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон тул энэ талаарх шинэ зохицуулалтыг ирэх долоо хоногтоо багтаан хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай” гэсэн юм.